"Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдал" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Нээлттэй Нийгэм Форумаас "Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдал" судалгааны үр дүнгтанилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 2014 оны 12-р сарын 23-нд зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн байдлын талаар судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл санал, бодлоо солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн 2000-2014 оны төлөв байдал болон цаашдын төлөвийг судалж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:
- Манай улсын гадаад өр анх 2002 онд 1 их ная төгрөгт хүрч байсан бол 2014 онд 9 их наяд төгрөгт хүрч даруй 9 дахин өссөн байна. Засгийн газрын гадаад өр нь 2011 оныг дуустал ерөнхийдөө жигд өсөлттэй байсан ба 2012 онд засгийн газар гадаад зах зээлд бонд арилжаалсан, мөн гадаад зах зээлд арилжаалсан бондод баталгаа гаргасан зэргээс хамааран засгийн газрын гадаад өр 2.5 дахин нэмэгдсэн байна.
- Засгийн газрын гадаад өр нь 2011 оныг дуустал зөвхөн гадаад зээл гэсэн нэг төрөлтэй байсан бол 2012 оноос Засгийн газрын баталгаа, Засгийн газрын гадаад бонд гэсэн хоёр төрөл нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд Монгол Улсын засгийн газар анх удаа гадаад зах зээлд бонд гаргасан бөгөөд мөн гадаад зах зээлд Хөгжлийн банкны гаргасан бондод баталгаа гаргасан юм.
- Гадаад өрийн бүтцийг авч үзвэл 2011 он хүртэл Засгийн газрын гадаад өрийг 100 хувь гадаад зээл эзэлж байсан бол
- 2012 онд 49 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 35 хувийг гадаад бонд,
- 2013 онд 50 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 34 хувийг гадаад бонд,
- 2014 онд 44 хувийг гадаад зээл, 26 хувийг баталгаа 31 хувийг гадаад бонд тус тус бүрдүүлж байна.
- Засгийн газрын гадаад бондын тухайд УИХ-аас 2012 оны 52 дугаар тогтоолоор 5 хүртэл тэрбум ам долларын бондыг 2012-2014 онуудад үе шаттай гаргахыг ЗГ-т зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу 1.5 тэрбум ам долларын бондыг олон улсын бондын зах зээл дээр гаргаад байна
- Засгийн газрын гадаад зээлийг олгогч байгууллага болон орны бүтцээр нь 2013 оны эцсийн байдлаар авч үзвэл олон улсын байгууллагуудаас Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, орноор нь авч үзвэл Япон, Хятад улсууд хамгийн их хувийг тус тус эзэлж байна.
- Манай улс Дэлхийн банкны улс орнуудын бодлого, институцийн үнэлгээг хэмждэг CPIA системээр 3.4 гэсэн үнэлгээ буюу хэвийн бодлоготой гэсэн үнэлгээг аваад байна. Энэхүү үнэлгээний дагуу манай улсын гадаад өрийн үзүүлэлтүүд сэрэмжлүүлэх түвшинтэйгээ харьцуулахад 2013 оны эцсийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд:
- гадаад өр ба ДНБ-ны харьцаа 34.7% (сэрэмжлүүлэх түвшин 40%),
- гадаад өр ба экспортын харьцаа 77% (сэрэмжлүүлэх түвшин 150%) байна.
Гэвч эдгээр үзүүлэлтүүдийг 2014 оны эцсээр тооцож үзвэл ихээхэн өөрчлөгдөх магадлалтай. Төв банкны гадаад өрийг Засгийн газрын гадаад өрөнд оруулж тооцвол Засгийн газрын гадаад өр даруй 2 их наяд төгрөгөөр нэмэгдэх талтай байна.
- Засгийн газрын гадаад өрийн 2015-2017 оны төлөв байдлыг авч үзэхэд Сангийн Яамны гаргасан тооцооллоор манай улс 2015 онд 9.23 их наяд төгрөгийн, 2016 онд 9.29 их наяд төгрөгийн, 2017 онд 7.87 их наяд төгрөгийн гадаад өртэй байхаар байна.
- Сангийн яамнаас боловсруулсан Засгийн газрын 2015-2017 оны өрийн дунд хугацааны стратеги баримт бичигт зааснаар гадаад зээлийг аль болохоор бага хүүтэй, урт хугацаатай эх үүсвэрээс авах, Засгийн газрын өрийг аль болох дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэх, гадаадаас төгрөгийн зээл авах боломжийг хайх юм байна. Засгийн Газар нь 2015-2017 онуудын хооронд гадаад бонд нэмж гаргахгүй бөгөөд 2015 онд гадаад өрийн бүтцийн хувьд:
- гадаад зээл 44%,
- гадаад бонд 31%,
- баталгаа 26%-ийг эзлэх бол
2017 он гэхэд:
- гадаад зээл 52%,
- гадаад бонд 31%,
- баталгаа 16%-ийг тус тус эзлэх юм байна.
Гадаад өрийн үйлчилгээний хувьд 2015 онд 280 тэрбум төгрөг, 2017 онд 230 тэрбум төгрөгийг тус тус төлөх юм байна.
- Сангийн Яамнаас боловсруулсан 2015-2017 оны төсвийн төсөлд 2017 оноос төлөгдөж эхлэх Хөгжлийн банкны 580 сая ам долларын бонд, Засгийн газрын Чингис болон Самурай бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг хэрхэн төлөх талаар тодорхой судалгаа тооцоо хийгдсэн зүйл алга байна. Манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн прогноз дунд хугацаанд тааруу байгаа байдал, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, саяхан Хятадын Засгийн Газраас гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнүүдэд тавьсан импортын татвар зэрэг хүчин зүйлс нь манай гадаад өрийн төлбөрийн байдалд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж мэдэхээр байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн улс төр, эдийн засгийн гол шийдвэр гаргагч нарт хандан дараах бодлогын зөвлөмжүүдийг гаргаж байна. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн талаарх ойлголтыг цэгцэлж, Олон Улсын Валютын Сангийн Засгийн Газрын гадаад өрийг тооцоолдог аргачлалын дагуу Монголбанкны гадаад өрийг Засгийн Газрын гадаад өрөнд оруулж тооцдог байх;
- Монгол улс 2017 оноос эхлэн Хөгжлийн Банкны бонд, Чингис бондуудын үндсэн өрийн төлбөрийг төлж эхлэх тул энэ өр төлбөрүүдийг хэрхэн төлөх талаар нарийн стратеги төлөвлөгөөг Засгийн Газраас нэн яаралтай боловсруулан УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх;
- Хэрэв Монгол улс дээрх бондуудын өр төлбөр дээрээ дефольт болвол эдийн засаг, санхүүгийн хувьд яг ямар хариуцлага хүлээх, түүний эсрэг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж болох талаар нарийвчилсан судалгааг Засгийн Газраас хийж УИХ-д танилцуулах;
- Өрийн Удирдлагын тухай хуулийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэн батлуулж, энэ хуулинд оруулах өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн өндөр босгоор буюу дор хаяж нийт гишүүдийн 2/3-ийн дэмжлэгийг авч байж баталж байх;
- Цаашид Засгийн Газар өөрөө эсвэл Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд гаргах эсвэл зээллэг авах замаар их хэмжээний хөрөнгийг татахдаа тухайн бонд, зээлийн орлогыг ямар төсөл хөтөлбөрт зарцуулах талаарх төсөл төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсны дараа бонд гаргах эсвэл зээллэг авах эрхээ авдаг байх;
- Хувийн хэвшлийн гадаад өрийг улсын нэгдсэн гадаад өрийн бүртгэлд бүрэн хамруулан бүртгэдэг олон улсын стандартыг нэн даруй нэвтрүүлж, хэрэгжүүлэх;
- Төв банк, Сангийн Яамтай хамтран хувийн хэвшлийн гадаад өрд хязгаарлалт, зохицуулалт хийх хууль эрх зүйн механизмыг бий болгож, хэрэгжүүлэх зэрэг болно.
Нээлттэй нийгэм форум
Утас: 313207