“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ДАХЬ ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ” ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТУХАЙ
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Нээлттэй нийгэм форумаас (ННФ) “Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг ОҮИТБС-ын Ажлын алба, Төлсөн Авсанаа Нийтэл (ТАН) иргэний нийгмийн эвсэл, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-тай хамтран УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Уул уурхайн яамны дэмжлэгтэйгээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах талаар төр, олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд болон иргэний нийгмийн ойлголт, байр суурийг нэгтгэж, хамтын ажиллагааны эхлэлийг тавихад чиглэж байлаа.
Хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан төрийн байгууллагууд, олборлох үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон эрдэс баялгийн салбарын засаглал, ил тод байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 100 гаруй хүн оролцлоо. Түүнчлэн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг олборлох үйлдвэрлэл бүхий орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэний нийгэм, нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон орон нутагт гэрээг ил тод болгох хэрэгцээ шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлгээр эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдалтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, олон улсын туршлага сургамж, гэрээг ил тод болгохтой холбоотойгоор талуудад тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн дараах асуудлуудаар нэгдсэн ойлголт, байр сууринд хүрлээ.
Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал, мэдээллийн хүртээмж, зохион байгуулалтыг хангах үүднээс Засгийн газар, түүний холбогдох байгууллагаас ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Геологийн ажлын гэрээ болон Ашиглалтын өмнөх гэрээ зэрэг гэрээнүүдийн эх бичвэрүүдийг мэдээллийн нэгдсэн сан үүсгэж системтэйгээр байршуулахын сацуу холбогдох төрийн байгууллагын цахим хуудаст байршуулан бүхэлд нь олон нийтэд ил тод болгох;
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний ил тод байдлыг нэмэгдүүлж, орон нутгийн захиргааны байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах болон орон нутгийн иргэдийн онцлог хэрэгцээ шаардлагад тохирсон хэлбэрээр мэдээлэл түгээхэд нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч нар санаачилга гарган хамтран ажиллах;
Гэрээ байгуулах, батлах, гэрээний хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх бүх шатанд мэдээллийг ил тод байлгах, нийтийн сонсгол, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар олон тал, ялангуяа иргэний нийгмийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Ингэхдээ аль үе шатанд, ямар мэдээллийг, хэрхэн ил тод болгох, гэрээ байгуулах хэлэлцээрийн шатанд олон нийтийг хэрхэн оролцуулах гэх мэт гэрээ байгуулахад олон нийтийн оролцоог хангах журмыг тодорхой хуульчлах.
Нэгдсэн байр сууринд хүрсэн дээрх асуудлуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх талаар Нээлттэй Нийгэм Форум санаачилга гарган, хэлэлцүүлэгт оролцогч талууд болох төрийн холбогдох байгууллагууд, олборлох үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгэмтэй хамтран цаашид ажиллах болно.