Төрийн өмчит уул уурхайн компаниудад засаглалын түвшин доогуур байна

A- A A+
Төрийн өмчит уул уурхайн компаниудад засаглалын түвшин доогуур байна

 

Төрийн өмчит уул уурхайн компаниудад засаглалын түвшин доогуур байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай саяхан уулзсан билээ. Тэрхүү уулзалт дээр олон чухал асуудал хөндсөн ба төрийн  үүргийн талаар онцолсон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, эн түрүүнд батлах ёстой хуулийн төслүүдийн талаар хөндөн ярихдаа Төрийн аж ахуйн үүргийг хязгаарлах зарчмыг онцолсон юм.

УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын дунд Өмчийн тухай хуулийн төсөл бий. Тэр дундаа шинээр боловсруулж буй Төрийн өмчийн тухай хуулийн суурь зарчим болсон Төрийн аж ахуйн оролцоог багасган, харин зохицуулах үүргийг чадавхжуулах талаар нийгэмд нэгэнт хүлээлт бий болоод байна. Ийм утгаар Нээлттэй Нийгэм Форум нь Уул уурхайн яамтай хамтран нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Манай улсын эдийн засгийн суурь болсон уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудад сайн засаглалын түвшин ямар байгааг харуулах зорилготой, мөн санал зөвлөмж бүхий уг судалгааны ажил нь Төрийн өмчийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт үнэтэй Зөвлөмж болох биз ээ.

Сайн засаглал гэдэг нь анх компани байгуулагдсан 1500-аад оноос хойшх хугацаанд компанийн үйл ажиллагааны талаар хүн төрөлхтөний бий болгосон зүй зохистой ажиллагаанууд гэж хэлж болно. Компани нь аливаа улс орны эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг аж ахуй эрхлэх хамгийн чухал хэлбэр юм. Тухайлбал,  АНУ-д аж ахуй эрхлэх хэлбэр дотор компаниар аж ахуй эрхлэх нь 16 хувийг эзэлдэг ба ДНБ-ий 90 орчим  хувийг үйлдвэрлэдэг. Энэ байдал манайд улсад ч адил. Саяхан болтол “Эрдэнэт” ХХК манай улсын ДНБ-ий  20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг байсан бол “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажиллах тохиолдолд манай ДНБ-ий 30 гаруй хувийг гаргах бололцоотой болно.

1991 онд Аж ахуйн нэгжийн тухай хууль анх гарч, 1995 онд Нөхөрлөл, компанийн тухай хууль, 1999 онд Компанийн тухай хууль болон өөрчлөгдөж ирсэн ба 2013 онд уг хуулийг шинэчлэн найруулсан. Өмч, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулсан эрхзүйн дээрх гол зохицуулалтууд байдаг бол мөдхөн илүү тодорхой заалт бүхий Өмчийн тухай хуулиуд мэндлэх нь ээ.

Судалгааны энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг төрийн өмчит дор дурдсан есөн компанийг сонгон авч, тэдгээрийн засаглалын түвшинг тодорхойлж, түүнийхээ үндсэн дээр компанийн засаглалыг сайжруулах талаар төр болон тухайн компанийн зүгээс хийх ажиллагааг компанийн засаглалын бүрэлдэхүүн хэсэг бүрээр гарган, Зөвлөмж болгох зорилт тавьжээ. Эрдэнэс МГЛ ХХК,  Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Оюутолгой ХХК, Оюутолгой ХХК, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монросцветмет ХХК, Монатом ХХК гэсэн 9 компани судалгаанд хамрагдав.

Компанийн засаглалын талаар олон улсын байгууллагуудаас гаргасан үндсэн элементүүдэд Компанийн хувьцаа эзэмшигч, түүний эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага,  Компанийн үйл ажиллагааны тухай мэдээллийн ил тод нээлттэй байдал, Компани дээр хийж байгаа чухал хэлцлүүд, Ногдол ашиг, түүний хуваарилалт, Компанийн дүрэм болон засаглалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулж буй бусад эрхийн акт, Компанийн хяналтын тогтолцоо гэсэн үндсэн 9 үзүүлэлтийг чухалчилдаг байна.

Тухайлбал, Хувьцаа эзэмшигч нь компанийг анх байгуулах хөрөнгийг бий болгож, түүний үйл ажиллагаа явуулах нөхцөл хангагчийн хувьд компанийн хамгийн гол этгээд болдог. Энэ утгаараа түүний эрхийг хамгаалах нь компанийн засаглалын хувьд нэн тэргүүний асуудал болж ирсэн. Хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг улс орнууд тодорхой хуульчилсан байдаг ба түүний хэрэгжилтийг хангах үүрэг нь компанид ногддог. Түүнчлэн, засаглалын өөр нэг чухал хэсэг болсон Компани дахь хяналтын тогтолцоо нь компанийн хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос хамаарч янз бүрийн бүтэцтэй байдаг. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс тавих хяналт, ТУЗ-ийн зүгээс тавих хяналт, Дотоод хяналт, Хөндлөнгийн аудит гэсэн 4 хэсгээс бүтдэг ба засаглалын нэг чухал бүрэлдэхүүн юм. Манай улсын хувийн компаниудад ч засаглалын эдгээр суурь зарчим бүрэн төлөвшөөгүй байдаг ба төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьд засаглалын сул дорой байдал нь ямар хэмжээний эрсдэл дагуулж болохыг гаргаж ирсэнд уг судалгааны ач холбогдол оршино. 

Төр нь бусад хувьцаа эзэмшигчтэй ижил түвшний хувьцаа эзэмшигч байх ёстой. Харин дээрх 9 компанийн хувьд төрийн үүрэг, оролцоо янз бүрийн түвшинд байдаг ба сайн засаглалын үнэлгээгээр бусдаасаа илүү оноог Оюутолгой ХХК (2.4 балл) авсан бол доод үнэлгээг Монатом ХХК (0.4 балл) авчээ.

Үнэлгээний ерөнхий дүнг авч үзэхэд Оюутолгой ХХК-аас бусад компанийн засаглалын түвшин хэт доогуур дундаж нь 28 хувь үнэлгээ авсан байна. Азийн хөгжиж буй зарим орны компанийн засаглалын ийм төрлийн үзүүлэлт 48-77 хувь байгаатай харьцуулахад манай компаниуд, түүний дотор төрийн өмчит компаниудын хувьд засаглалаа сайжруулах талаар хийх ажил маш их байгааг харуулна.

Компаниудын үнэлгээг доош татаж байгаа “0” үнэлгээ авсан үзүүлэлтүүдийн жагсаалтаас харахад нийт компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх удирдлага зэрэгт төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаатай холбоотой алдаа дутагдал дийлэнх хувийг эзэлжээ. Төрийн төлөөллийн хэрэгжүүлэх зохицуулалт нь нэг мөр болж цэгцрээгүй, үйл ажиллагааг нь зохицуулсан дүрэм, журам тодорхой бус, ойлгомжгүй байгаа нь судалгаанаас харагдав. Зохицуулалт тодорхой бус байгаа нь нь албан тушаалтан өөрийн үзэмжээр асуудлыг шийдэх бололцоог бий болгодог. Үүнээс үндэслээд  өнөөдөр Монголын төрийн өмчит компанийн удирдлагыг томилох, тодорхой асуудлыг шийдэхэд хүмүүсийн хувийн сонирхол орох бололцоог олгож, энэ нь эргээд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, авилга өгч авалцах, компанийн хөрөнгө үнэгүйдэх, шаардлагагүй эд барааг өндөр үнээр нийлүүлэх, компаниас хямд үнээр бараа материал гаргах зэрэг сөрөг явдал түгээмэл болох нөхцөл болжээ.

 

Компанид сайн засаглалыг бий болгох нэг чухал нөхцөл нь компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгох явдал. Гэтэл судалгаанд хамрагдсан нийт компани энэхүү асуулгад нийтдээ доогуур -1оноо үнэлгээ авсан ба тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-иуд “0” үнэлгээ авсан байна. Мэдээллийг ил тод нээлттэй болгох талаар сүүлийн жилүүдэд Компанийн тухай хууль болон бусад холбогдох хуульд тодорхой заалтууд орсон боловч түүнийг мөрдөхгүй байгаа нь судалгаанаас харагдав.

Компанийн засаглалын үнэлгээг бууруулж буй нэг гол үзүүлэлт нь тухайн компани дээр хийж байгаа өндөр үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлүүдийг хийж байгаа байдал юм. Уг үзүүлэлтээр компаниуд 0.4-1 гэсэн оноо авсан байна. Эдгээр хэлцлийг хийх журам нь Компанийн тухай хуулиар бүрэн зохицуулагдсан. Гэтэл төрийн өмчит уул уурхайн компаниуд хуулийн уг заалтыг хэрэгжүүлэхгүй байгаагаас нийтээрээ доогуур үнэлгээ авчээ. Чухал хэлцлүүдийг зүй ёсоор хийх нь компанид ашигтайгаас гадна компанийн эрх бүхий албан тушаалтан болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн сонирхлоос компанийг хамгаалах чухал хэрэгсэл болох ёстой.

Компанийн засаглалын түвшинг бууруулж байгаа нэг гол хүчин зүйл нь Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас тухайн компанитай харилцах байдлаас үүдэлтэй юм. Компанийн эрх барих байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний эзгүйд ТУЗ байх ёстой. Энэ талаар Компанийн тухай хуульд тодорхой заасан. Гэтэл Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдах эрхийн хүрээний асуудлаар шууд, дангаараа шийдвэр гаргах нь ердийн үзэгдэл  болжээ.

Компанийн Гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс томилогдон, түүнд ажлаа тайлагнаж, үр дүнгээ дүгнүүлж байх ёстой. Гэтэл Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн Гүйцэтгэх захиралтай шууд харьцан үүрэг, даалгавар өгөх явдал судалгаанд хамрагдсан ихэнх компанид түгээмэл байна. Энэ нь компанийн үйл ажиллагаанд ТУЗ-ийн үүргийг бууруулж ямар ч хариуцлага хүлээдэггүй, ёс төдий удирдлага болгосон байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ихэнх компанийг анх байгуулахад нь төрийн мэдлийн хувьцааг төрийг төлөөлж эзэмших этгээд болон түүний эрх хэмжээг тодорхой заадаггүйгээс болоод төрийн төлөөлөл хэрэгжүүлэх ажиллагаа ойлгомжгүй, тодорхой бус, улмаар дур зорго газар авахад хүргэжээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөллийг  хэрэгжүүлэх ажиллагааг компанийн төрөл хэлбэрт нь тохируулан нэг мөр болгон журамлаагүйгээс тодорхой албан тушаалтны үзэл бодлоор асуудал шийдэгдэх, улмаар компанид эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн гэж судалгааны дүгнэлтэд дурджээ.

Төр аливаа компанийн нийт хувьцааг нь, эсвэл ихэнх хувьцааг эзэмшдэг гэдэг утгаар компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өөрөө шууд дангаараа шийдвэр гаргах эрхгүй, зөвхөн хуульд заасны дагуу тухайн компанийн удирдлагад байгаа өөрийн төлөөллөөр дамжуулан эрх барих байгууллагад нь саналаа оруулах замаар шийдвэрлүүлэх ёстой. Энэ нь дэлхий нийтийн жишиг юм.

Төрөөс өөрийн хувьцаа эзэмшдэг компанитай өмчлөгчийн хувьд харьцах харилцаа, төрийн төлөөлөл, түүнийг хэрэгжүүлэх журам зэрэг асуудлаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар уг судалгааны төгсгөлд Зөвлөмж гаргасан байна. Ингэхдээ тодорхойгүй байгаа зохицуулалтуудыг шинээр боловсруулж буй Төрийн өмчийн тухай хуулийн төсөлд санал болгох байдлаар уг Зөвлөмжийг бэлтгэжээ. 

Төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд нь манай улсын эдийн засагт онцгой үүрэгтэй, төсвийн орлогыг бүрдүүлэгч томоохон хэсэг юм. Тиймээс эдгээр компанид сайн засаглалыг хэрэгжүүлэх аваас нийт хувьцаа эзэмшигчдэд нь туйлаас чухал зүйл болох компанийн амжилттай үйл ажиллагаа төлөвшинө. Дээрх судалгааны Зөвлөмжийг компани тус бүрээр бэлтгэн тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ.

Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, зохион байгуулах чиг үүргийг оновчтой болгох, авилгыг бууруулах чиглэлээр нийгмээрээ анхаарал хандуулж буй үед энэхүү чухал судалгааны дүгнэлт гарчээ. Төрийн өмчийн тухай хуулийн төсөлд санал болгосон чухал Зөвлөмжүүдийг нь УИХ-ын Ажлын хэсэг анхааран үзэх буй за.

Л. Болормаа

Сэтгүүлч, “Mining Journal” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч