НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭН ХАМГААЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ
Нээлттэй Нийгэм Форум нь нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус эрх зүйн акт, баримт бичгийг хүчингүй болгох, хуулийн хэрэглээнд жишиг бий болгох зорилгоор нийтийн эрх ашгийн дор дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын хандлагыг өөрчлөхийг хүссэн төрийн бус байгууллага дангаар болон эвсэл, сүлжээ болж оролцох боломжтой. Үүнд:
- Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтнаас хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бий болсон нийтийн эрх ашгийн зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг хангуулах;
- Төрийн албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас бий болсон нийтийн эрх ашгийн зөрчил, түүнийг арилгах, харуцлага тооцох;
- Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан зохицуулалтыг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах;
- Уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон нийтийн эрх ашгийн зөрчлийг арилгах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах;
- Нийтийн эрх ашгийг хөндсөн бусад асуудал.
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэтгэлэгт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөл ирүүлэх ба өргөдөлд тодорхой хэргийг сонгосон шалтгаан, энэ нь нийтийн эрх ашгийн дээр дурьдсан асуудлуудтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж, үүний үр дүнд бий болох бодлого, чиг хандлагын өөрчлөлт зэргийг тусгана. Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.
Өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн дотор ННФ-ын байранд эсхүл [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Мэдээлэл өгөх уулзалт 2015 оны 4 сарын 6-ны Даваа гарагийн 15 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно.
Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагаа нь нийтийн эрх ашгийн тодорхой асуудлыг төлөөлөх жишиг хэргийн сонголт хир оновчтой байхаас ихээхэн хамаардаг. Иймд нийтийн эрх ашгийн өмгөөлөл, түүний жишиг хэргийг сонгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-ын “Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь” гарын авлагаас олж үзнэ үү. Гарын авлагыг ННФ-ын www.forum.mn цахим хуудасны электрон мэдээллийн сангаас олж үзэх боломжтой.