Манай оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцад хувь нэмэр болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум анх 2010 онд Шүүхийн ажиглалтын төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэ удаагийн шүүхийн ажиглалтыг эрүүгийн хэргийн анхан шатны дөрвөн шүүхэд явуулж, иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт болон шүүхийн нөхцөл байдлыг шүүхийн тухай багц хууль батлагдахаас өмнөх үетэй харьцуулан, дүнг Та бүхэнд хүргэж байна. Олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү шүүхийн ажиглалтын арга зүйг өөрийн нөхцөлд тохируулан боловсруулж турших ажил үр дүнтэй хэрэгжиж, цаашид шүүхийн мониторинг, ажиглалтын үйл ажиллагааг тогтмол, үр нөлөөтэй явуулах боломж бүрдэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Шүүхийн ажиглалтын төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын мониторинг хариуцсан референт Ч.Мөнхцэцэг, арга зүйн зөвлөхөөр ажилласан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимийн эрхлэгч Н.Туяа, судлаач П.Анужин болон нийт ажиглагч оюутан, орон нутгийн иргэний нийгмийн ажилтнууддаа талархал илэрхийлье.