ОҮИТБС дахь засаглалын хямрал нь иргэний нийгмийн хараат бус байдалд аюул учруулж байна.
2016 оны 2 сарын 23-ны өдөр Перу улсын Лима хот
Өчигдөр буюу Лима хотод зохион байгуулагдаж буй ОҮИТБС-ын 2016 оны Олон улсын Бага хурлын өмнөх өдөр 100 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид ОҮИТБС-ын эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хуралд оролцохоос зарчмын хувьд татгалзан байр сууриа илэрхийллээ. ОҮИТБС-ын Олон улсын Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтад иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгийг аваагүй нэр дэвшигчийг хууль бусаар оруулж, Удирдах зөвлөл дэх өөрсдийн төлөөллийг бие даан сонгох иргэний нийгмийн эрхэд зүй бусаар халдсан явдал нь эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахад хүргэсэн юм. Энэ нь ОҮИТБС-ын оролцогч бүх талын харилцан зөвшилцөлд тулгуурлан тогтоосон Удирдах зөвлөл дэх иргэний нийгмийн төлөөллийг нэр дэвшүүлэх журмыг зөрчсөн хэрэг байлаа. Иргэний нийгмийн байгууллагууд Бүх гишүүдийн хурлын өмнө дээрх хууль бус нэг дэвшигчийг эргүүлэн татуулах талаар байр сууриа илэрхийлсэн, шаардлага хүргүүлсэн боловч харамсалтай нь тодорхой амжилтад хүрсэнгүй.
Иргэний нийгмийн байгууллагууд дээрх хууль бус нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан тохиолдолд Бүх гишүүдийн хуралд оролцоход бэлэн байсан бөгөөд энэхүү байр сууриа илэрхийлэх үүднээс хуралд зөвхөн төлөөллөө оруулсан юм. Харин хурлыг даргалж байсан ОҮИТБС-ын дарга (сонгуульт хугацаа нь дуусч, ажлаа хүлээлгэн өгч буй) Клэйр Шорт ОҮИТБС-ын үндсэн оролцогч талуудын нэг болох иргэний нийгмийн төлөөллийн дийлэнх олонхийн оролцоогүйгээр хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Хурлын үеэр иргэний нийгмийн төлөөлөлд товчхон үг хэлэх боломж олгосон боловч иргэний нийгмийн санаа зовниж буй асуудлуудыг бүрэн илэрхийлэх боломж олгоогүй учраас хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр нэр дэвшүүлсэн байгууллага нь хурлын үеэр нэр дэвшигчдийн жагсаалтад хууль бусаар орсон 6 дахь нэр дэвшигчийг нэрийг эргүүлэн татсан боловч ийнхүү эргүүлэн татсан нь үйл явц, цаг хугацааны хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг хуралдаанд нэгдэн орох боломжгүй байдалд хүргэсэн юм. Энэ бүхэн нь санаачлагын зарчим, үзэл санаа, засаглалын үйл явцыг зөрчсөн бөгөөд өнгөрөгч арван жилийн хугацаанд бид бүхний хамтран бий болгосон хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үл тоомсорлосон хэрэг гэж үзэж байна.
ОҮИТБС-ын үндсэн зарчим бол ОҮИТБС-ын засаглалын бүх шатанд төр засаг, компани болон иргэний нийгмийн эрх тэгш, хамтын ажиллагааг хангах явдал юм. Өчигдөр ОҮИТБС-ын Удирдах зөвлөл ОҮИТБС-ын үйл явц дахь иргэний нийгмийн тэгш, бүрэн дүүрэн оролцоог баталгаажуулсан Иргэний Нийгмийн Протоколын улам сайжруулсан хувилбарыг багтаасан ОҮИТБС-ын 2016 оны стандартыг батлаад байгаа боловч энэхүү Протоколд тусгагдсан зарчмуудыг өөрөө зөрчлөө. Олон улсын түвшинд гарч буй энэхүү үйл явдал нь үндэсний түвшин дэх ОҮИТБС-ын үйл явц дахь иргэний нийгмийн бие даасан, үр дүнтэй оролцоог хаан боогдуулах аюултай жишиг тогтоож байгаад иргэний нийгмийн байгууллагууд гүнээ зовниж байна.
ОҮИТБС-ын Удирдах зөвлөлд иргэний нийгмийн төлөөллийг нэр дэвшүүлэх үйл ажиллагааг Төлснөө нийтэл сүлжээнээс байгуулсан хараат бус хорооноос дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй иргэний нийгмийн байгууллагын дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулсан билээ.
Төлснөө нийтэл сүлжээ нь Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ОҮИТБС-ын стандарт дахь талуудын төлөөллийг хангах удирдамжид заасны дагуу санаачилгад оролцогч иргэний нийгмийн бүх байгууллагуудтай зөвлөлдөн зохион байгуулах эрх авсан билээ.
ОҮИТБС-ын Удирдах зөвлөлд иргэний нийгмийн төлөөллийг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь Төлснөө нийтэл эвслийн харьяаллаас үл хамааран иргэний нийгмийн бүх байгууллага нээлттэй оролцох боломжтой байсан. Нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд эвслийн гишүүн бус байгууллагын төлөөллийг хангах үүднээс Төлснөө нийтэл сүлжээний гишүүн болон гишүүн байгууллагын тэнцүү төлөөлөл бүхий хараат бус, итгэл даахуйц бүрэлдэхүүн бүхий Нэр дэвшүүлэх хороог Төлснөө нийтэл сүлжээний Удирдах зөвлөлөөс байгуулсан болно. Нэр дэвшүүлэх хороо нь сайн засаглалын зарчмыг баримтлан ОҮИТБС-ын Удирдах зөвлөлд иргэний нийгмийн ашиг сонирхлыг хууль ёсоор төлөөлж чадах бие хүнийг тодорхойлон нэр дэвшүүлэх үүргийг хүлээсэн юм. Үүний үр дүнд нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнд Төлснөө нийтэл сүлжээний гишүүн бус байгууллагын төлөөлөл хангагдаж, 10 нэр дэвшигчийн 3 нь сүлжээний гишүүн бус байгууллагыг төлөөлж байгаа юм.
ОҮИТБС-ын даргын албан тушаалд нэр дэвшиж буй ноён Фредрих Рэйнфилдтийн Төслнөө нийтэл сүлжээтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг иргэний нийгмийн байгууллагууд талархан хүлээж авч байна. Ноён Рэйнфилдт Төлснөө нийтэл сүлжээний 2016 оны Бүх гишүүдийн хурлын үеэр ТАН эвслийн гишүүдтэй уулзахдаа ОҮИТБС-ын хүчирхэг, итгэлцэлд тулгуурласан санаачлага болж хэрэгжихэд Төлнөө нийтэлд сүлжээний гишүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон хэлсэн юм.
Цаашид бүх оролцогч талууд ОҮИТБС-ын үндсэн зарчмыг нягт мөрдөн баримталж, иргэний нийгмийн хараат бус байдлыг хамгаалах нь чухал байна. Бид ноён Рэйнфилдтийг дөнгөж сая болж өнгөрсөн энэхүү үйл явдалтай холбоотой бий болсон засаглалын асуудал, алдаа дутагдлуудыг хэрхэн арилгах талаар иргэний нийгмийн байгууллагуудтай яриа хэлэлцээр хийхийг шаардаж байна. Иргэний нийгмийн чөлөөтэй ажиллах орон зайг булаан авах явдал давтан гарахаас сэргийлж, улам хариуцлагатай ажиллан ОҮИТБС-ын Холбооны дүрэм журмыг дахин нягтлан үзэх, боловсронгуй болгохыг шаардаж байна.