ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
 ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

 ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжих зорилгоор холбогдох төрийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагад мониторингийн тэтгэлэг олгох, тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ хийх зэргээр ажиллаж ирлээ. Энэ хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийн  үр нөлөө, хэрэгжилт, дагаж гарсан дүрэм журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн эсэх, түүнчлэн зарим хуулийн төсөлд үнэлгээ, дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох бодит хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймээс дараах чиглэлээр судалгаа хийх мэргэжилтэн болон судалгааны багийг урьж байна.  Үүнд:

Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд:

  • Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэглээнд гарч болзошгүй зөрчил, шийдэх гарц

  • Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал

  • Эрүүгийн хуульд хүний эрх, эрүүгийн эрх зүйн зарчим стандарт туссан байдал

  • Эрүүгийн хууль – Ял завших боломж

  • Эрүүгийн хууль – Зорчих эрхийг хязгаарлах ялыг гүйцэтгэх боломж

  • Эрүүгийн эрх зүй дэх хохирогч хамгаалал

  • Гэрч, хохирогчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд хүний эрхийн хамгаалалт, өмгөөлүүлэх эрхийн баталгааг хангасан байдал

Хууль сахиулах салбарын шинэчлэлийн хүрээнд:

  • Цагдаагийн албаны үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдал

  •  Цагдаагийн алба хаагчийн ажил дүгнэх үзүүлэлт хүний эрхийн зарчимд нийцсэн байдал

  • Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн албаны чиг үүрэг, зохион байгуулалтад орж буй өөрчлөлт, хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам

  • Тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны өртөг: Хүн худалдаалах гэмт хэргийн жишээн дээр

  • Нотолгооны өнөөгийн практик, ур чадвар, техник хэрэгсэл, анхаарах асуудал

  • Тахарын албаны бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц нь чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн эсэх, хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийн үүнд үзүүлэх нөлөөлөл 

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд:

  • Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал

o   Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг баталгаажуулах буюу хяналт тэнцвэрийн зарчмыг хангах нь

o   Шүүхийн тойргийн тогтолцоо ба Үндсэн хуулийн үйлчлэл

o   Шүүгчийн хариуцлага ба хараат бус байдлыг хангах нь

Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлд:

  •  Хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхийн хэрэгжилт

  •  Шүүхийн таслан сэргийлэх ажиллагааг шийдвэрлэх тогтоолын үндэслэл

  • Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй байдал буюу нээлттэй шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах нь

  • Нөлөөллийн мэдүүлгийн үр нөлөө буюу шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх бусад арга замууд

  •   Нүүдлийн шүүх ажиллуулахтай холбоотой зохицуулалт

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлаач болон судалгааны багийн гишүүд нь эрх зүй, хууль сахиулах салбарын чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх

  • Тухайн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх

Жич: Судалгааны сэдэв, цар хүрээнээс хамаарч судлаач бие даан эсхүл судалгааны багаар гүйцэтгэж болно.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө

  • Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт (шаардлагатай тохиолдолд хувийг  хүсэж болно.)

  • Судалгааг багаар гүйцэтгэх бол гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарь.  

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2016 оны 4 сарын 29-ний Баасан гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Мэдээлэл өгөх уулзалт 2016 оны 4 сарын 15-ны Баасан гарагийн 10 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.  Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.