НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭН ХАМГААЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон нийтийн эрх ашгийн зөрчлийг арилгах буюу буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль бус эрх зүйн акт, баримт бичгийг хүчингүй болгох, хуулийн хэрэглээнд жишиг бий болгох, хууль хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гарган нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулж, бодлого, хууль тогтоомж, төрийн байгууллагын хандлагыг өөрчлөхийг хүссэн иргэний нийгмийн байгууллага дангаар болон эвсэл, сүлжээ хэлбэрээр оролцох боломжтой.
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэтгэлэгт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөл ирүүлэх ба өргөдөлд дараах мэдээллийг багтаана. Үүнд:
- Төслийн танилцуулга (Үүнд тодорхой хэргийг сонгосон шалтгаан, энэ нь нийтийн эрх ашгийн дээр дурьдсан асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж, үүний үр дүнд бий болох бодлого, хандлагын өөрчлөлт зэргийг багтаана).
- Байгууллагын товч танилцуулга, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг туршлага тухайн байгууллагад байгаа эсэх, эсвэл түүнийг хэрхэн бүрдүүлэх талаарх танилцуулга.
Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.
Өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагийн дотор ННФ-ын байранд эсхүл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Мэдээлэл өгөх уулзалт 2016 оны 4 сарын 12-ны Мягмар гарагийн 15.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагаа нь нийтийн эрх ашгийн тодорхой асуудлыг төлөөлөх жишиг хэргийн сонголт хир оновчтой байхаас ихээхэн хамаардаг. Иймд нийтийн эрх ашгийн өмгөөлөл, түүний жишиг хэргийг сонгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-ын “Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь” гарын авлагаас харна уу. Гарын авлагыг ННФ-ын www.forum.mn цахим хуудасны электрон мэдээллийн сангаас олж үзэх боломжтой.