card

Уул уурхайг өгөгдлөөр урлахуй хакатоны онцлох бүтээлүүд

A- A A+
Уул уурхайг өгөгдлөөр урлахуй хакатоны онцлох бүтээлүүд

"Уул уурхайг өгөгдлөөр урлахуй" хакатоны онцлох бүтээлүүд. Эх сурвалж unread.mn.  https://unread.today/c/data-hackaton-finalists

 

 

 

 

 Дэлхийн Банк Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Нээлттэй нийгэм форум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон "Unread Media" хамтран "Уул уурхайг өгөгдлөөр урлахуй" сэдэвт дата хакатоныг энэ сарын 12-18-нд амжилттай зохион байгууллаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн хакатон бүхэлдээ цахим хэлбэрээр зохиогдсоноороо онцлог бөгөөд өгөгдлийн шинжилгээ хийх, интерактив вэб нийтлэл бичих гэсэн хоёр үе шаттайгаар зургаан хоногийн турш үргэлжлэв. Оролцогсдын дийлэнх нь багийн хамтрагчидтайгаа нүүр тулан уулзаж, танилцаж амжаагүй хэдий ч алсын зайнаас холбогдон цахим орчныг маш үр бүтээмжтэйгээр ашиглаж чадсаныг дурдахгүй байхын аргагүй. 
Тэмцээний хүрээнд багууд  өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүй болон уул уурхайн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хэрхэн өөрсдийн сонгож авсан сэдвийг хөгжүүлэн, бүтээлч шийдлүүдийг энэхүү салбарт дэвшүүлснийг онцлон хүргэж байна.
 

ДАТА ХАКАТОНЫ ТУХАЙ

“Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” дата хакатоны үндсэн зорилго нь салбарын засаглалын асуудлуудыг өгөгдлийн шинжилгээнд тулгуурлан өгүүлж, бодлогын хэлэлцүүлэгт олон нийтийг уриалсан дижитал нөлөөллийн санал санаачилгыг дэмжих байсан бөгөөд энэхүү зорилгын хүрээнд багууд доорх есөн үндсэн сэдвээс сонгон авч шинэ санаа, шинэлэг шийдэл боловсруулсан юм. Үүнд:

1. Уул уурхайн орлогын менежмент
2. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ
3. Уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж буй хандив, дэмжлэг
4. Байгаль орчны нөхөн сэргээлт
5. Лиценз олголт ба газрын эрх
6. Алтны салбарын эдийн засгийн үр ашиг ба байгаль орчин, нийгмийн нөлөөлөл
7. Уул уурхайн компаниудын байгаль хамгаалах зардлын 50 хувийг тусгай дансанд байршуулсан байдал
8. Төрийн өмчит компаниудын шилэн данс, худалдан авалт ба тендерт шалгарсан компаниудын эцсийн өмчлөгч
9. Бичил уурхайн асуудал


Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалт хакатоны зарчмаар тодорхой байршилд багууд байрлан, хамтран ажиллах боломжгүй болсон ч цахим хакатонд нийтдээ 200 гаруй залуучууд 60 баг болон бүртгүүлж оролцсоноос । шатанд 36 баг бүтээлээ ирүүлж, сүүлчийн шатанд 13 баг тунан үлдсэн юм. Шалгарсан багууд нь зохион байгуулагчид болон шүүгчидтэй онлайнаар холбогдож, бүтээлүүдээ олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн нь энэхүү хакатоны бас нэгэн онцлог байлаа. Ингээд оролцогчид нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, асуудлын шийдлийг бүтээлчээр эрэлхийлэн, жирийн иргэдэд ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдлаар бүтээлээ туурвисныг хамтдаа сонирхоцгооё.

III БАЙР: DATA MINE БАГ
 
 

Сэдэв:

Уул уурхайн орлогын менежмент

Тулгамдаж буй асуудлууд:

Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан орлогыг үрэлгэн зарцуулж, ирээдүйдээ ашиглах хуримтлал үүсгээгүй, улмаар төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бонд гаргах замаар ихээхэн өр үүсгэсэн. Салбарыг дэмжих дэд бүтцийн байгууламжуудаа барьж байгуулж чадаагүйгээс шалтгаалж их хэмжээний орлого олох боломжоо алдсан. Сүүлийн 12 жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо огцом багассан ба долоон жилд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд голлох нөлөөтэй. Маш олон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон гэх буруу ойлголт олон нийтийн дунд болон шийдвэр гаргагчдын түвшинд байсан тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглож хайгуул судалгааны ажлын цар хүрээг хумьсан бөгөөд хэрэв хайгуулын ажил зогсвол бидний ирээдүйн орлого тодорхойгүй болж, цаашид улсын төсвийн орлогын 20-30 хувь үгүй болох эрсдэлтэй юм.

Шийдэл:

"Data Mine" багийн зүгээс уул уурхайн орлогын менежментийн өнгөрсөнд хийсэн алдаа болон одоогийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох тодорхойгүй байдлыг өгөгдлийн шинжилгээнд тулгуурлан өгүүлж, бодлогын хэлэлцүүлэгт олон нийтийг уриалах шаардлагатай гэж үзжээ. Үүний хүрээнд уул уурхайн орлогын оновчтой зарцуулалт, хуримтлал, салбарын орлогыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөгжил, орлогын тогтвортой эх үүсвэрийн чиглэлээр жирийн иргэдэд тогтмол нээлттэй мэдээлэл хүргэх платформ бий болгох шийдлийг дэвшүүлсэн юм.

"Data Mine" багийн бүтээлийг та энд-ээс дэлгэрэнгүй үзэх боломжтой.

III БАЙР: DW БАГ
 

Сэдэв:

“Хандив гэдэг хаялга биш” буюу уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж буй хандив, дэмжлэг

Тулгамдаж буй асуудлууд:

Уул уурхайн үйл ажиллагаа экспортын орлогын 90 орчим хувь, улсын төсвийн орлогын бараг дөрөвний нэгийг, ГШХО-ын 70 орчим хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ компаниуд нь татвар төлж, ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн жижиг, дунд бизнесийг худалдан авалтаар дэмжиж, нийгмийн ач холбогдолтой ажлуудыг дэмжих замаар эдийн засагт хувь нэмэр оруулдаг. Гэтэл чухам тэрхүү мөнгөний урсгал нутгийн иргэдийн амьжиргаа, амьдрах нөхцөлийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нь дэмжихэд зарцуулагдаж буй эсэх нь эргэлзээтэй. Хандив, дэмжлэг нь сайн дурын үндсэн дээр, тухайн нутаг орны иргэд, удирдлагуудын хүсэлт болоод хэрэгцээнд тулгуурладаг тул далд эдийн засгийг дэмжих, хэн нэг эрх мэдэлтний халаасыг түнтийлгэх замаар авлига газар авахад нөлөөлөх хэрэгсэл болох аюултай.


Шийдэл:

Хандив, дэмжлэг авч байгаа тал түүнийг хэрхэн зарцуулдгийг хянах боломж нь одоогийн хууль эрх зүйн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) юм. Сангийн зорилго нь нутаг орны хөгжлийг дэмжих, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх. Ингэхдээ тухайн нутаг орны, тэр дундаа хамгийн алслагдсан баг, хорооны иргэдийн саналын дийлэнхийг авсан байх шаардлагыг тавьдаг. Тиймээс уул уурхайнхаа хаялгыг иргэд бодитой хүртэх нөхцөл бүрдүүлэхийн тулд компаниудын өгч буй хандив, дэмжлэгийг аль болох ОНХС-ийн дансанд хүлээн авч байхыг орон нутгийн удирдлагаасаа шаардах хэрэгтэй. ОНХС-ийн ач холбогдлыг иргэдэд хэр зэрэг ойлгуулж мэдүүлэхээс уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж буй хандив, дэмжлэгт хяналт тавих боломж бүрдэх ажээ.

DW багийн бүтээлийг та эндээс дэлгэрэнгүй үзэх боломжтой.

II БАЙР: MINERS IN PAJAMAS БАГ
 

Сэдэв:

“Нүдэнд үл үзэгдэх алтны салбар” буюу тус салбарын эдийн засгийн үр ашиг ба байгаль орчин, нийгмийн нөлөөллийг олон нийтэд нээлттэй хүргэх нь

Тулгамдаж буй асуудлууд:

Монгол Улсын хэмжээнд зөвхөн алтны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 313 компани байна. Энэ нь салбарын олборлолтын нийт тусгай зөвшөөрлийн 32 хувьтай тэнцэж байгаа юм. Алтны уурхайнууд нийт олборлох салбарын гурван лиценз тутмын нэгийг эзэмшиж байгаа боловч төсвийн орлогын дөнгөж 0.8 хувийг бүрдүүлж байгаа нь хамгийн үр ашиг багатай уул уурхайн салбар гэдгийг харуулж байгаа хэрэг.


Шийдэл:

Монгол банканд тушаасан алтны тоо сүүлийн таван жилд огцом өссөн xэдий ч зөвxөн алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрxэлдэг нийт аж аxуй нэгжийн дөнгөж 31 хувь нь 2019 онд идэвxитэй үйл ажиллагаа явуулсан гэж бүртгэгдсэн байгаа нь энэ салбарт далд эдийн засаг ноёлсон байж болзошгүйг xаруулж байгаа юм. Зарим аймгуудын хувьд алтны уурхайн усны үр дүнтэй ашиглалт (м3 уснаас олж буй орлого) ХАА-н салбараас бага байна. Мөн зарим сумууд уул уурхайтай холбогдолтой усны зарцуулалтыг мэдээлэхгүй байгаагаас үүдэн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг тодорхой хэмжиж чадахгүй байгаа. Алтны уурхай үйл ажиллагаа явуулж буй аймгуудын малын бэлчээрийн талбай жил ирэх тусам багасаж цаашдаа бэлчээр өнжөөх боломж багасах аюултай. Огт төсөвт орлого оруулдаггүй алтны уурхайнуудын ашиглалтын талбайг малын бэлчээр болгон ашиглах нь тухайн орон нутгийн малчид иргэдэд үр өгөөж өндөртэй байна гэх санаануудыг Miners in Pajamas багийн багийг зүгээс гаргасан билээ.
Miners in Pajamas багийн бүтээлийг та энд-ээс дэлгэрэнгүй үзэх боломжтой.

 

I БАЙР: TEAMUP БАГ
 

Сэдэв:

“Уул уурхайг сансараас тандахуй” буюу байгаль орчны нөхөн сэргээлтийг ил тод болгох нь


Тулгамдаж буй асуудлууд:

Улсын хэмжээнд 11,800 гаруй га газар уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн гэсэн урьдчилсан дүн гарсан байна. Үүнээс 59 хувьд техник нөхөн сэргээлт хийгдсэн бол хоёр орчим хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдаг аж. Түүнчлэн жилд 100 гаруй га талбайд нөхөн сэргээлгүй орхигддог гэсэн судалгаа бий. Олборлолт явж дууссаны дараагаар нөхөн сэргээлт хийх бол байгаль, экологийн тэнцвэрийг хадгалан авч үлдэх, хойч үедээ өвлүүлэх боломж юм. Гэвч авлига нь хариуцлагагүй уул уурхайг бий болгож, улмаар Монгол орны онгон дагшин байгаль өдөр ирэх тусам эвдэгдэн доройтож байна.


Шийдэл:

TEAMUP багийн зүгээс нөхөн сэргээлтийн ажлыг хөндлөнгөөс хамгийн бага зардлаар үнэлэх боломжтой нэг шийдэл нь хиймэл оюун ухаан Artificial Intelligence (AI) гэж үзжээ. Тэд өөрсдийн боломжийн хүрээнд AI-д суурилсан эхний шийдлийг тэмцээний хүрээнд танилцуулсан бөгөөд цаашид илүү сайн хөгжүүлэх боломжтойгоо мөн дурдсан.
Тэд хиймэл дагуулын зургаас тухайн уурхайн орчинд олборлолт хийгдэж байгаа эсэхийг deep learning ашиглан тодорхойлохыг зорьсон ба энэхүү загварыг сайн хөгжүүлж чадвал уурхай нөхөн сэргээлт хийсэн эсэхийг тодорхойлохоос гадна зөвшөөрөлгүй газар уурхайн олборлолт явуулах, газар эвдэж, сүйтгэх, хулгайгаар ой мод сүйтгэх болон бусад их хэмжээгээр байгаль орчныг сүйтгэх зэрэг ажиллагааг хамгийн бага зардлаар, хурдан шуурхай илрүүлэх боломжтой болох юм.
"TeamUp" багийн бүтээлийг та эндээс дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа болох цахим шууд дамжуулалтын үеэр "Solver" багийн хамт олон үзэгчдээс хамгийн олон санал авч тусгай байрын шагнал хүртсэн юм.

“Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээн дэх иргэдийн оролцоо” сэдвээр бэлдсэн тэдний багийн бүтээлийг эндээс сонирхоорой.

ЦАХИМ ХАКАТОНЫГ ДҮГНЭХ НЬ: 

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УУХҮЯ-ын дэд сайд О.Батнайрамдал
2016 оноос хойш уул уурхайн салбарт олон нийтэд нээлттэй мэдээллийн сангууд харьцангуй олширсон нь сайшаалтай үйл явдал. Гэвч тэдгээр сан дээр цугларсан асар их өгөгдлийг боловсруулах, бодлогын түвшинд шийдэл гаргах, тус салбарт явагдаж буй үйл ажиллагааг ард иргэдэд энгийн байдлаар ойлгуулах, бодит мэдээллийг түгээх явдал хангалтгүй хэвээр байна. Залуус та бүхний гаргаж буй шийдэл бүхэн салбарын дээрх асуудлуудыг шийдэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг санаарай.” хэмээн оролцогч багуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тус салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг илүү хүртээмжтэй, сонирхолтой байдлаар нийтэд хүргэх дижитал нөлөөллийн бүтээгдэхүүн бий болгох, салбарын засаглалын асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой энэ хакатон цаг үеийн байдлаас үл хамааран зорилгодоо хүрч чадлаа хэмээн зохион байгуулагчид сэтгэл хангалуунаар тэмцээнийг дүгнэн дуусгалаа.
"Уул уурхайг өгөгдлөөр урлахуй" хакатонд тэргүүн байр эзэлсэн "TeamUp" баг 5,000,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнуулсан бол дэд байранд орсон "Miners In Pajamas" баг 3,000,000 төгрөг, гутгаар байранд шалгарсан "Data Mine", DW багууд тус бүр 2,000,000 төгрөг, тусгай байрт шалгарсан "Solver" баг 1,000,000 төгрөгийн эрхийн бичгийн эзэд болсон билээ.

Ташрамд дурдахад, шагналт байранд шалгарсан багууд цаашдаа Нээлттэй нийгэм форумын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, дижитал нөлөөллийн ажил зохион байгуулан хамтран ажиллах боломжтой.