2021 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ИНДЕКС ТАНИЛЦУУЛЛАА

A- A A+
2021 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ИНДЕКС ТАНИЛЦУУЛЛАА

Нээлттэй нийгэм форум ТББ Оюуны Инновац ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны дүнг танилцууллаа. Тус байгууллага нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан шүүхийн салбарын судалгаа шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын шинжээчдийн үнэтэй зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг 2021 оны байдлаар үнэлж индекс буюу тоогоор илэрхийлэх судалгааг хийсэн байна.

Шүүхийн индексийн анхны үнэлгээ нийт 100 онооноос 51,94 оноотой гарсан ба энэхүү үнэлгээг шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал; нээлттэй, ил тод байдал; шүүхэд итгэх олон нийтийн итгэл; дэд бүтэц, нөөц; шүүгчийн ёс зүй, хариуцлага; шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтээр гаргаж ирсэн юм.

Түүнчлэн судалгааны мэдээллийг 21 аймаг, нийслэл хотын нийт 2200 иргэнийг хамруулсан олон нийтийн санаа бодлын асуулга судалгаа, 300 гаруй хуульч мэргэжлийн хүмүүсийн санаа бодлын судалгаа болон захиргааны статистик мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжаас цуглуулан тооцлоо. Энэхүү үнэлгээ нь 2021 онд батлагдан хэрэгжиж буй шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг бус, өмнөх үеийн нөхцөл байдлыг үнэлж байгаа бөгөөд цаашид тогтмол хэрэгжүүлснээр шинэ хуулийн үр нөлөөг өргөн хүрээнд судлах арга хэрэгсэл болох боломжтой. Улмаар шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн хувьд нөхцөл байдлыг таньж мэдэхэд нь туслах эх сурвалж болно гэж найдаж байна.

Судалгааны тайлан хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байх үүднээс хэвлэмэл хувилбараас гадна цахим хэлбэрээр танилцуулж байгаа бөгөөд судалгааны нийт өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтэд нээлттэй болгожээ. Шүүхийн индекстэй http://judindex.forum.mn/ хаягаар орж танилцах, тайланг татаж авах боломжтой.

МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны дүнг танилцуулсан хэвлэлийн хурлын шууд дамжуулалтыг манай Фэйсбүүк дэх сувгаас https://www.facebook.com/OpenSocietyForum/videos/1488706604944675 үзнэ үү.