2022.10.27
Сэтгүүлчдэд нээлттэй өгөгдлийн хэрэглээ, хүртээмж, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх уулзалт болов
2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-иар нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох харилцааг анх удаа зохицуулж тусгаж өгсөн. Нээлттэй өгөгдлийг зохицуулах суурь хууль ийнхүү хэрэгжиж эхэлснээр өгөгдөлд суурилсан оновчтой бодлого хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх замаар эдийн засгийн үнэ цэн бүтээх боломж үүсэж буй юм.
Үүнтэй холбоотой Нээлттэй нийгэм форумаас Тунгаахуй өгөгдлийн урлан байгууллагад дэмжлэг үзүүлэн "Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд нээлттэй өгөгдлийг сурталчлах, нээлттэй өгөгдлийн үр дүнтэй хэрэглээг дэмжих, нээлттэй өгөгдлийн ойлголтыг сурталчлах цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар 27-ны өдөр Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубын сэтгүүлчдэд "Нээлттэй өгөгдөл, түүнийг хэрхэн ашиглах вэ?" сэдвээр сургалт, ярилцлага зохион байгуулав.
Нээлттэй өгөгдлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор төрийн 59 байгууллагын 606 өгөгдлийг эхний ээлжинд нээлттэй болгох тухай зааж өгсөн. Одоогийн байдлаар мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нээлттэй өгөгдлөө үүсгэх, нийтлэхээр ажиллаж байна. Жагсаалтад тусгасан өгөгдлөөс гадна мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдлийг өөрийн санаачилгаар, эсхүл хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд үндэслэн бий болгох боломжтой юм.
Нээлттэй өгөгдлийг бий болгох, түүний бодит хэрэглээг бий болгох нь тодорхой хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил бөгөөд нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд олон талын оролцоо, хамтын ажиллагаа шаардлагатай. Мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нээлттэй өгөгдлөө бүрэн гүйцэд, чанартай, шаардлага хангахуйц байдлаар үүсгэж, нийтэлж буй эсэхэд хяналт тавих, нээлттэй өгөгдлийг сэтгүүл зүйн бүтээл болгон хувиргаж олон нийтэд түгээхэд сэтгүүлчдийн оролцоо чухал билээ.