Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалж хангахад учирч буй бэрхшээлийн талаар төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчдийг оролцуулсан хэлэлцүүлгийг Глоб Интернэшнл ТББ, ННФ, ЮНЕСКО хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал үг хэлэв.
2019 онд Глоб Интернэшнл Төв, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хуульчдын холбоо хамтран хийсэн үнэлгээгээр Монголын таван сэтгүүлч тутмын нэг нь бие махбодийн халдлагад өртөж, хүнд хөнгөн гэмтэл авч байсан ба нэг сэтгүүлч дунджаар гурван удаа ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм нөхцөлд орж байсныг тогтоожээ. Түүнээс гадна ажлын багаж хэрэгсэлд халдах, нийтлэл нэвтрүүлгийг хориглосон, хориглохоор завдсан, редакцын цагдан хяналт, дарамт шахалттай тулгардаг болох нь тогтоогдсон байна. 2020 оны 1 сараас 2022 оны 3 сар хүртэл мониторинг хийхэд 233 удаагийн иргэний болон улс төрийн эрхийн зөрчил бүртгэгдсэн байх ба үүнээс ихэнх нь буюу 114 нь мэдээллийн эрх чөлөө буюу мэдээлэл олж авах, боловсруулах түгээх эрхийг зөрчсөн тохиолдол байна. Эрх зөрчигчдийн ихэнх нь төрийн албан тушаалтнууд байгааг мониторингийн тайланд онцолжээ. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд сэтгүүлчийн эсрэг үйлдсэн хоёр л гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн аж.
ННФ-ын зүгээс ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн болон мэдээлэл чөлөөтэй олж авах, түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл авах эрхийн зөрчилд мониторинг хийх чиглэлээр Глоб Интернэшнл Төв ТББ-д дэмжлэг үзүүлж байнга хамтран ажиллаж ирлээ.