Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх үйл явцыг боловсронгуй болгох, түүний ил тод байдлыг хангаж хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх асуудлаар шийдлүүд хэлэлцэж зөвлөмж боловсруулах зорилго бүхий семинарыг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний байгууллагууд, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, судалгаа, сургалтын төв хамтран зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, хяналт тавихад оролцдог төрийн байгууллагуудын төлөөлөл оролцон санал бодлоо солилцов.
Олон улсад сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх хэд хэдэн аргачлал байдгаас манай улсад иргэний бүртгэл мэдээлэлд тулгуурлах аргыг 2011 оноос эхлэн хуульд тусган хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан сонгуулийн олон улсын зарчмын дагуу нэрийн жагсаалтыг байнга шинэчилж үнэн зөв байдлыг хангах ёстой бөгөөд сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахад баримтлах гол баримт бичиг болох учир оролцогч талуудын хяналтыг бий болгох нь сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, шинэчлэх асуудал нь зөвхөн сонгуулиар хийгдэх цаг үеийн шинжтэй асуудал гэхээс илүүтэй байнгын удирдлага зохион байгуулалт шаардах урт хугацааны үйл ажиллагаа юм. Манайд сүүлийн хэд хэдэн сонгуулийг дамжин яригдаж буй нэг асуудал нь сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогч бүртгэгдээгүйн улмаас сонгох эрхээ эдэлж чадахгүй байх, улмаар хаяг дээр оршин суудаггүй хүмүүс бүртгэлтэй байгаа талаар иргэдийн мэдээлэл, гомдол тасрахгүй байгаа зэрэг асуудлууд юм. (2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн тайланг энд дарж үзнэ үү) 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө эдгээр асуудлыг нэг мөр шийдвэрлэх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах шаардлагатай. Үндсэн хуульд заасан дагуу сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хууль тогтоомжийг өөрчлөх боломжгүй тул сонгуулийн үйл явцад тулгамдсан энэ мэт асуудлыг орхигдуулалгүй зохицуулах шийдлийг олон талуудын оролцоотой, олон улсын сайн туршлагад үндэслэн тодруулахад одооноос анхаарах нь чухал байна.
2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн тайланг энд дарж үзнэ үү