Хуулийг сурвалжлах KNOW-HOW: Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл” сэдвээрх цуврал хэлэлцүүлгүүд явагдаж байна
Нээлттэй нийгэм форум нь Бодлогод залуусын хяналт ТББ болон тус байгууллагын дэргэдэх “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо”-ны санаачилгыг дэмжин “Улс төрийн намын хууль”-ийн асуудлаарх арга зүйн цуврал хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байна.
Залуу сэтгүүлчид тодорхой хууль тогтоомжийн шинэчлэлийг иргэдэд хэрхэн танилцуулах, улс төрчид болон хууль боловсруулагчдаас хамгийн чухал эгзэгтэй асуултуудыг асуух, мэдээлэх туршлага дутах тал байдаг. Иймд улс орны хэмжээнд анхаарал татсан гол хуулиудын шинэчлэлийн талаар мэдлэг ойлголттой болоход нь аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлцүүлгүүдийг танхим, цахим хосолсон байдлаар явуулж байна.
Цуврал хэлэлцүүлгийн анхныхыг 2022 оны 11-р сарын 26-нд “Улс төрийн намын тухай хуулийн асуудлаар сэтгүүлчдийн анхаарах зүйлс” сэдвээр зохион байгуулж, “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны фэйсбүүк групп шууд дамжуулсан юм. Энэхүү сэтгүүлчдийн холбоо нь 80 гаруй гишүүнтэйгээр 2019 оноос эхлэн ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Парламент телевизийн Ерөнхий продюсер Ө.Дэлгэрцэцэг нар зочноор уригдаж, улс төрийн намын асуудлыг хэрхэн сурвалжлах, мэдээлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөв. Хэлэлцүүлгийн зочин сэтгүүлч Ө.Дэлгэрцэцэг хэлэхдээ “Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж эхлэхэд хамгийн түрүүнд хараат бус, мэргэжлийн эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй. Иймд сэтгүүлчдийн одооноос хийх ёстой хамгийн чухал ажил бол мэргэжлийн эх сурвалжуудын жагсаалтаа бэлдэх юм” гэв.
Дараагийн хэлэлцүүлгийг “Улс төрийн намын дотоод ардчилал,” “Улс төрийн санхүүжилт” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг цуврал хэлэлцүүлгүүдээс залуу сэтгүүлчдэд зориулсан хууль сурвалжлах арга зүйн зөвлөмж бүхий баримтын хуудсыг боловсруулан түгээх юм. Ингэснээр 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэхэд залуу сэтгүүлчид мэдлэг, мэдээлэл, ур чадвартайгаар иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байна.