“ТӨК-ийн ӨГӨГДӨЛД НЭВТРЭХҮЙ” хөтөлбөрийн II шат эхэллээ.
Монголын дата клуб нь ННФ болон олон улсын “Open Ownership” байгууллагатай хамтран “Төрийн өмчит уул уурхайн компаниудын нийтэд ил тод мэдээллийг үр дүнтэй ашиглах замаар хяналт тавих, олон нийтийг бодит мэдээллээр хангах зорилго бүхий “ТӨК-ИЙН ӨГӨГДӨЛД НЭВТРЭХҮЙ” өгөгдлийн шинжилгээ, сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдоо чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж буй бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын талаарх суурь ойлголт, мэдлэгийг сайжруулах эхний сургалтыг 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй хүн оролцсон бөгөөд EITI, Open Ownership байгууллагын зөвлөхүүд, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, СЭЗИС-ийн комплаенс, хөрөнгө оруулалтын менежментийн судлаач Д.Тэгшбаяр, “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан З.Ган-Очир, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон хуульч, судлаач М.Түвшинжаргал, “Олборлох салбарыг нээх нь” төслийн төлөөллүүд сургагч багшаар ажиллав. “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” хөтөлбөрт “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, gogo.mn, ikon.mn, tovch.mn, Mining insight сэтгүүл зэрэг 20 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэшсэн сэтгүүлчид, судлаачид, өгөгдлийн шинжээчид хамрагдаад байгаа юм.
Цаашид оролцогчид таван сарын хугацаанд багаар ажиллаж, үе шаттай сургалт, менторшип хөтөлбөрт хамрагдаж, өгөгдлийн шинжилгээнд суурилсан сэтгүүл зүйн бүтээл туурвиж олон нийтийн хүртээл болгох юм.
Монголын дата клуб нь 2021 онд хэрэгжсэн хөтөлбөрийн өмнөх шатанд шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх эцсийн өмчлөгчийн мэдээлэл, албан тушаалтны хөрөнгө, орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийн санд тулгуурлан төрийн өмчит уул уурхайн компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дата сэтгүүл зүйн бүтээлүүдийг олон нийтэд хүргэсэн юм. Тэрчлэн дээрх өгөгдлийн сангуудыг холбосон өгөгдлийн шинжилгээний хэрэглүүр бүтээсэн ба хөтөлбөрийн II шатанд тус хэрэглүүрийг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд гарсан сэтгүүл зүйн бүтээлүүдтэй танилцана уу.