УЛСЫН ТӨСВИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь “Төсвийн хариуцлагатай байдал” хөтөлбөрийнхөө хүрээнд улсын төсвийн зохистой бодлого, захиран зарцуулалтын хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллаж ирлээ. Энэ удаа дор дурдсан чиглэлээр богино хугацааны судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
- Улсын төсвийн орлогын төсөөллийн оновчтой байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах;
- Улсын төсвийн зардлын (ялангуяа хөрөнгө оруулалтын зардлын) төсөөллийн дунд хугацааны төлөвлөлт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах;
- Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого төвлөрөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд болон жилийн төсвийн төсөлд ашиглаж буй гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг тооцож буй аргачлал оновчтой эсэх, түүнийг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулах;
- Улсын төсөв дэх удирдлагын зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгаа, удирдлагын зардлын дээд хязгаарыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тогтоох боломж;
- Монгол Улсад мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартын судалгаа;
- Орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж буй арга зам, холбогдох төсвийн зарлагын судалгаа;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж боловсруулах.
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
- Судалгааг богино хугацаанд хийх (2023.02.15-ны дотор судалгааны тайлан ирүүлэх) боломжтой байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Cудалгааны төслийн маягт
Судалгааны төслийн баримт бичгийг 2022 оны 12-р сарын 26-ны Даваа гарагийн 13 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу.
Нээлттэй Нийгэм Форум