Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр Монголын Инновацийн Бодлогын Хүрээлэнгээс “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд залуусын оролцоог дэмжих” сэдэвт судлаачдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Бүс нутгийн геополитикийн нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтүүдийн нөлөөнд ардчилалд ухралт гарах эрсдэл улам бүр нэмэгдсэн бөгөөд энэхүү эрсдэлийг хэрхэн даван туулах,улмаар үндэсний аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд улс орнуудын үүрэг оролцоо ямар байх талаар залуусын дунд судалгаа, нотолгоонд үндэслэсэн яриа, мэтгэлцээн өрнүүлэх, мэдээлэл солилцох сүлжээ бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрт олон улсын харилцаа, аюулгүй байдал, геополитикийн асуудлаар судалгаа хийх Монгол судлаач, залуусыг хамруулж олон улсын харилцааны онол, судалгааны арга зүй зааж сургах, улмаар геополитикийн үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ цуврал нийтлэлүүд, блогпост гаргахад мэргэжлийн шинжээчид туслалцаа үзүүлж ажиллах юм. Мөн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачидтай цуврал байдлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.