Монгол Улс гадаад өрийн хэмжээг зохих түвшинд байлгахад анхаарах шаардлага нэн тулгамдаж байна. Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам. доллар буюу ДНБ-ий 238 хувьтай тэнцэж байна. Үүнээс 8 тэрбум гаруй ам. доллар нь Засгийн газрын өр бөгөөд Засгийн газрын зүгээс төлөх гадаад өрийн эргэн төлөлтөд хүндрэл учирч, улмаар өрийг дахин санхүүжүүлэх байдал сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.
Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум ам. доллартой, гадаад үнэт цаасны үлдэгдэл 2.7 тэрбум ам. доллартой тус тус тэнцэж байна. Засгийн газар гадаад зээлийг олон тооны төсөл, хөтөлбөрт зарцуулж байна. Эдгээр зээлийн эргэн төлөлт улсын төсвөөс хийгдэх тул төслүүдийн үр ашиг, зарцуулалтын мэдээллийн нээлттэй байдлыг хангаж олон нийт хяналт тавих боломж олгох нь чухал болж байна. Иймд Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдлын судалгааг “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын С.Баттулгаар ахлуулсан баг хийж гүйцэтгэн дүнг 2023 оны 3-р сарын 28-ны өдөр танилцууллаа.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн мэдээллийн ил тод байдал хангалтгүй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тухайлбал, судалгаанд гадаадын зээл, тусламжийн 109 төсөл, арга хэмжээг хамруулснаас 2018-2021 онд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн дунджаар 60 гаруй хувийг Шилэн дансны системд нийтэлсэн байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний удирдлагын мэдээллийн системийн мэдээллээс үзэхэд төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлууд нь хийгдээд дууссан эсэх, ямар төсөв хөрөнгө зарцуулагдсан, хэр чанартай гүйцэтгэсэн зэргийг нэгтгэсэн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлагнахгүй байна.
Судалгаанаас гарсан дээрх үр дүнгүүдэд үндэслэн Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдлыг сайжруулахтай холбоотой дараах санал, зөвлөмжийг судлаачдын зүгээс боловсруулав. Үүнд:
Мэдээллийн агуулга, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр:
• Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн санд төсвийн мэдээллийг тухайн санхүүжилтийг зарцуулан хийж буй ажлын гүйцэтгэлтэй нь холбож мэдээлэх, ажлын явцын талаар үнэн, бодитой, цаг үеийн мэдээлэл бүрэн оруулах;
• Шилэн дансны тухай хууль болон журмын хэрэгжилтийг тууштай хангуулж, шилэн дансны системд мэдээлэл оруулагч болон иргэдийн мэдээлэл ашиглалтыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх (өгөгдлийн тэмцээн, судалгааны ажлын уралдаан зарлах гэх мэт).
Мэдээллийн хэлбэрийг сайжруулах чиглэлээр:
• Төсөв, санхүүгийн болон төсөл, арга хэмжээний ил тод байдлын системүүд дээр байршуулж буй мэдээллийг олон нийтэд зориулж аль болох боловсруулалттай, энгийн, ойлгомжтой хэлбэрээр (инфографик, хөдөлгөөнт дүрслэл, газрын зураг дээрээс харах гэх мэт) иж бүрэн, нээлттэй өгөгдлийн стандартын дагуу тайлагнах;
• Засгийн газрын гадаад зээл болон гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн, зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг Сангийн яам, эсвэл Эдийн засаг, хөгжлийн яам жил бүр товхимол гарган олон нийтэд түгээж (цаасаар байх албагүй) ил тод байдлыг хангаж хэвших.
Гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр:
• Гадаад зээлийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зарцуулж, эдийн засгийн бодит салбарыг дэмжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой байсан эх үүсвэрийг хомсдолд оруулж байгаа ужгирсан буруу зуршлыг төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлыг бууруулах замаар зогсоох;
• Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангаагүй төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгааг нэн даруй зогсоох.