НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

A- A A+
НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс хараат бус судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог юм. Энэ удаа нийтийн төсөв, санхүүгийн дор дурдсан чиглэлээр судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

- Цалин болон халамжийн бодлого иргэдийн ажил эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа;

- Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд: Монгол Улс ба олон улсын туршлага;

- Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт: Монгол Улс ба олон улсын туршлага;

- Салбарын яамдын урсгал зардлын төлөвлөлтийн судалгаа;

- Гадаадын зээл авах процессын судалгаа.

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
  • Төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.  Cудалгааны төслийн маягт

Судалгааны төслийн баримт бичгийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний Пүрэв гарагийн 17:00 цагаас өмнө  [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.