Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудаас 2023 оны 4-р сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал, зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.
Хуулийн төсөлд гадаадад байгаа иргэдээс санал авах асуудлыг нэмж, урьдчилсан санал хураалт болон нэрийн жагсаалтад хяналт тавих зохицуулалтыг тодорхой хэмжээнд сайжруулсныг иргэний нийгмийн зүгээс сайшаан хүлээн авч байгааг дурдаад сонгогчдын санал хураах, тойрог байгуулах процессыг тодорхой болгох, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах арга хэмжээг далайцтай авах, сонгуулийн зардлын тайлангийн ил тод байдал, хяналтыг боловсронгуй болгох, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой авч болох арга хэмжээ зэрэг асуудлыг онцолжээ.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Тус сүлжээний гишүүн байгууллагууд сонгуулийн ажиглалт, зардлын тайлан, сонгогчдын нэрийн жагсаалт, нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлаар хяналт шинжилгээг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай.