Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын засаглалын тулгамдсан асуудлаар бодлогын болон хууль зүйн шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
Эрдэс баялгийн салбарт өрнөж буй эрх зүйн шинэчлэлийн зорилго нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон газрын хэвлийн баялгийг хүртээмжтэй, тогтвортой өсөлт хөгжлийг хангах, өнөө ба хойч үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөхгүйгээр зохистой ашиглах үзэл санааг хэрэгжүүлэхэд оршино. Үндсэн хуулийн дээрх үзэл санааг бүрэн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэн судалж, бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах шийдлүүдийг тодорхойлох төслийн уралдаанд эрх зүйч, судлаачдыг урьж байна.
Бодлогын шинжилгээний чиглэл:
- Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож буй өнөөгийн бодлого, түүний эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дагавар
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явцад сонсох ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага
- Газар чөлөөлөлтөд нийгмийн зайлшгүй хэрэгцээг тодорхойлох
- Газар чөлөөлөх үйл явцыг төлөвлөлтийн зохицуулалтад нийцүүлэх шаардлага
- Газар чөлөөлөлтийн зохицуулалтад бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг харгалзах
- Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой шийдвэр гаргах үйл явц, түүний ил тод байдал
- Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаан дахь байгаль орчны хяналт, үр нөлөө
- Төрийн болон орон нутгийн өмчит компанид онцгой дэглэм тогтоож буй практик, хууль тогтоомжийн нийцэл
- Нэгдлийн зохион байгуулалт бүхий төрийн өмчит компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн хариуцлагын тогтолцоо
- Төрийн нууцаас гаргаж нийтэд ил болгосон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалт, борлуулалтын гэрээнүүд, тэдгээртэй холбоотой шийдвэр гаргах үйл явц
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага: Өмчлөгч ба ТУЗ-ийн эрх мэдлийн хуваарилалт
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, 2 хүртэлх тооны гишүүнтэй судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судлаач /судалгааны баг/ судалгаа, эрдэм шинжилгээ болон бодлого, хууль зүйн шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болох ба шинжилгээ хийхээр сонгосон сэдвээр суурь судалгаа хийсэн байх.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар ажиллахад аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Бодлогын шинжилгээний уралдаанд бүрдүүлэх баримт бичиг:
- ННФ-ын маягтын дагуу боловсруулсан бодлогын шинжилгээний төслийн санал. Маягтыг эндээс татаж авна уу.
- Хуулийн этгээд бол байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
- Багийн гишүүдийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварыг илэрхийлэх танилцуулга
- Өмнө хийсэн судалгааны бүтээл болон судалгаа, шинжилгээний ажлын жагсаалт, цахим холбоос
Төслийн саналыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны Баасан гарагийн 17:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Бодлогын шинжилгээний талаар мэдээлэл өгөх уулзалт 2023 оны 5 дугаар сарын 17-ны Лхагва гарагийн 11:00 цагаас Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.