Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Хурлаар Зөвлөлийн гишүүд эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, төсвийн бодлого, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад худалдааны бодлогын чиглэлээр анхаарах асуудлуудыг хөндөж, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг санал болголоо. Эдгээрээс дурдвал:
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын зорилтыг хангахын тулд дараах арга хэмжээг авах:
- Ханги, Гашуунсухайт зэрэг боомтуудын дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулах;
- Манай улсын зэс, нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон юм. Иймд БНХАУ-ын талтай уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын талаарх яриа хэлэлцээг идэвхтэй хийх;
- Энэ оны 7-р сараас хэрэгжиж эхлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар заасан нь гадаад худалдааны үнийн бусад нөхцөлийг хязгаарлахаар байгааг анхаарах.
- Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байгаа тул Говийн бүсийн дэд бүтцийн төлөвлөлтийг цогцоор нь хийх нь зүйтэй байна.
- Гадаад худалдааны агентлагийг байгуулж, тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна. Монгол Улс эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо мөн нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Үүнд гадаад худалдааны бодлого чухал. Манай улс гадаад худалдааны маш цөөн түнштэй. Иймд гадаад худалдааны үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх Гадаад худалдааны агентлагийг байгуулж, цаашид татан буулгахгүйгээр ажиллуулах хэрэгтэй байна.
- Засгийн газраас дараа оны төсвийн төслийг өргөн барихдаа Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах төслийг хамт өргөн мэдүүлж, төсвийн хууль, тогтоомжуудыг зөрчих байдал сүүлийн жилүүдэд давтагдсаар байгааг зогсоох нь зүйтэй байна. Учир нь төсвийн төслийг Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхгүй байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3 дахь “төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох” заалтыг зөрчиж байна. Мөн энэ нь Төсвийн тухай хуулийн 10.1.3 дахь “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” болон 12.1.3 дахь “Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах” заалтуудыг тус тус зөрчиж байгаа болно.
Төсвийн хүрээний мэдэгдэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3-т зааснаар “төсвийн бодлогын баримт бичиг” юм. Иймд Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл болон төсвийн төслийг өргөн барих зөвшөөрлийг Хууль зүйн сайдаас өгөхдөө үнэлэлт, дүгнэлтийг нухацтай хийдэг болох хэрэгтэй байна.