Сонгуульд ажиглалт, мониторинг хийдэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2023 оны 4-р сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороо(СЕХ)-ны дэргэдэх “Сонгуулийн боловсрол клуб”-ын гишүүн судлаач, сэтгүүлчдэд танилцуулж хэлэлцүүлэх уулзалтыг 2023 оны 5-р сарын 18-ны СЕХ-ны Ажлын албатай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан зарим онцлог зохицуулалт, тэдгээрийн үндэслэлийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулав. Үүнд, гадаадад оршин сууж буй сонгогч саналаа өгөх боломжийг нэмэгдүүлэхийн тулд өмнөх шиг зөвхөн дипломат төлөөлөгчийн газар байрлах хотуудаар зогсохгүй тухайн улсын хууль тогтоомжид нийцэх нөхцөлд Монгол иргэд олноороо амьдарч байгаа бусад хотуудад бол салбар хороо байгуулж санал хураахаар төсөлд тусгасан байгааг дурдсан юм.
Харин иргэний нийгмийн зүгээс хуулийн төсөлд гадаадад байгаа иргэдээс санал авах асуудлыг нэмж, урьдчилсан санал хураалт болон нэрийн жагсаалтад хяналт тавих зохицуулалтыг тодорхой хэмжээнд сайжруулсныг сайшаан хүлээн авч байгааг дурдаад сонгогчдын санал хураах, тойрог байгуулах процессыг тодорхой болгох, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах арга хэмжээг далайцтай авах, сонгуулийн зардлын тайлангийн ил тод байдал, хяналтыг боловсронгуй болгох, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой авч болох арга хэмжээ зэрэг асуудлыг онцолж зөвлөмждөө тусгаснаа танилцуулав.