Хэлэлцүүлэг: 2023 оны 6-р сарын 9-нд 10 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд.
Ардчилсан парламент нь төлөөллийн, нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хариуцлагатай байгууллага болохыг Олон улсын парламентын холбооноос гаргасан парламентын үнэлгээний аргачлалд тодорхойлсон байдаг.
Парламентын төлөөлөх чадавхыг нийгмийн болоод улс төрийн хувьд хүртээмжтэй байх тухай асуудал гэж үзэх бөгөөд үүнд гишүүд нь мандатын хүрээнд эрх, үүргээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа сөрөг хүчний гишүүд нь ялгаварлалд өртөлгүй үг хэлэх боломжтой, бүрэлдэхүүний хувьд эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөлөл бүхий байхыг хэлэхээс гадна сонгууль нь чөлөөт, шударга зарчмаар явагддаг, улс төрийн намууд нь дотооддоо нээлттэй, ардчилсан систем нэвтрүүлсэн байх гэх мэт олон шалгуурыг дурдсан байдаг.
УИХ-аас 2023 оны 5-р сарын 31-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын суудлын тоо 126 болж нэмэгдээд буй. Энэхүү өөрчлөлтийг дагалдуулан УИХ-ын сонгуулийн тухай болон бусад хуулиудыг өөрчлөх ажил эхнээсээ хийгдэж байна. Иймд хэлэлцүүлгийн хүрээнд ардчиллын чухал институт болох УИХ-ын төлөөлөх чадавхыг үнэлсэн судалгаа, үйл ажиллагааны ил тод байдалд иргэний нийгмийн байгууллагын хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж, цаашид ямар арга хэмжээг холбогдох хуулиудад тусган хэрэгжүүлэх нь зүйтэй талаар санал солилцох юм.