Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Ерөнхий Ассамблейн 74-р чуулганаараа жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн Олон Улсын өдөр болгон тунхагласан юм. Энэ жил тус өдрийг “Мэдээллийн хүртээмжийн онлайн орон зайн ач холбогдол” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ. Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран уг өдрийг угтаж, “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар нээлттэй өгөгдлийн салбар хөгжих эрх зүйн орчин бүрэлдсэн юм. Хуульд нийцүүлэн, мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулах сорилттой тулгарч буй бөгөөд төрийн албан хаагчдын өмнө чанартай нээлттэй өгөгдөл үүсгэх, түүнийг бодит хэрэглээнд оруулж, илүү үр өгөөжтэй болгоход багагүй хүчин чармайлт, цаг хугацаа орохоор байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын төлөөллүүд салбарынхаа бодлогыг хэлэлцэж, нээлттэй өгөгдөл бүтээхэд хэрэгжүүлэх алхам, шийдвэр гаргалтад өгөгдлийг ашиглах арга зүй болон өгөгдлийн эдийн засгийн үр ашгийн талаар мэдээлэл авч, нээлттэй өгөгдөл бий болгоход тулгарч буй асуудлаар санал солилцон, шийдэл эрэлхийллээ.
Төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй нийтэлж буй ч үүний чанарыг сайжруулах, цар хүрээг өргөжүүлэх шаардлага хэвээр байна. Нээлттэй өгөгдөл хариуцсан болон тухайн өгөгдөлтэй ажиллах төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нээлттэй өгөгдлийг шийдвэр гаргахад оновчтой ашиглах, хэрэглээг сурталчлах тал дээр анхаарах хэрэгтэйг судлаачдын зүгээс онцлов. Мөн өгөгдлийг зөвхөн цахим хуудсанд байршуулснаар нээлттэй болохгүйг судлаачид хэлж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагууд нь нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө боловсруулж, тодорхой алхмаар ил тод болгох, тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн нээлттэй өгөгдөл нь засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнд суурилсан нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх түүхий эд юм. Тиймээс цаашид нээлттэй өгөгдлийг бий болгох, ашиглах, хэрэглэх соёлыг түгээхэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хамтран ажиллах нь үр дүнтэй болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
“Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын 50 гаруй албан хаагч оролцсон юм.