Нээлттэй нийгэм форумаас энэ сарын 2-ны өдөр “Төрийн нууц ба тендер” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн үр өгөөжтэй зарцуулалтын талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг судлаач, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчдэд сонсгож, мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн оролцогчид төрийн байгууллагууд худалдан авах ажиллагааг явуулахлаа төрийн нууц, үндэсний аюулгүй байдал гэх нэрийн доор холбогдох хуулийг хэрэгжүүлэхээс зайлсхийх, улмаар төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг нууцалснаар нээлттэй, ил тод байдал хангагдахгүй байна гэв. Үүний сацуу 2016 онд батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд УИХ-ын хяналтгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад нууц тогтоох эрх олгосон нь дээрх асуудлыг улам хүндрүүлж буйг хэлж байлаа. Түүнчлэн 2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлээс гарах, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхтэй холбоотойгоор УИХ-аас нийт 18 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү арга нь сүүлийн жилүүдэд улам бүр нарийсч, бусад хууль тогтоомжийг дагалдуулан "тендерийн" гэж нэрлэгдэж заншсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй заалт нэмэх, эсвэл шууд гэрээ байгуулах зэргээр хуулийн цоорхойг ашиглах болсон байна.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар “Төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын болон нийслэлийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх нийслэл хотын хот тохижилт, авто замын засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой ажил, үйлчилгээ”-г энэхүү хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ. Энэ нь хоёр ч удаа амжилтгүй зохион байгуулсан тендер шалгаруулалт болон тодорхой салбарын худалдан авах ажиллагааг онцлон шууд гэрээлдэг зэрэг хуулийн өмнөх цоорхойг нөхсөн явдал болжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх явцад ийнхүү “цоорхой” нэмэн баталж тарамдуулдаг явдлыг гярхай хянах, анхаарах шаардлага үүсч буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.