Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хариуцан боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт нь Үндсэн хуулийн үзэл санаа, органик болон салбарын бусад хууль тогтоомжтой нийцэж буй эсэх талаас дүгнэн ярилцсан юм.
УУХҮЯ-аас Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулга сэдэвт илтгэл тавьсан бөгөөд МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны ерөнхий хууль ба Ашигт малтмалын тухай хуулийн системчлэл: Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдэвт үндсэн илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт хэрэгжүүлэх зэрэг захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлтийн зохицуулалтад нийцүүлэх, чухал ашигт малтмалтай холбоотой төрийн үүрэг хариуцлагыг тодорхойлох, салбар хоорондын хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр санал шүүмж өрнүүлсэн юм.
МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооноос дээрх санал шүүмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлахаас гадна тус хуулийн төсөлд мэргэжлийн дүгнэлт гарган танилцуулахаар боллоо.