Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлыг хэлэлцэв. Энэ хүрээнд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн орлого төвлөрөлтөд учрах эрсдэлүүд, Засгийн газрын гадаад өрийн бодит нөхцөл байдал, төсвийн төлөвлөлт ба урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа, төсвийн хэлэлцүүлэг ба төсвийн төслийн мэдээллийн ил тод байдал зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээс УИХ, Засгийн газарт хандан гаргасан санал, зөвлөмжөөс дурдвал:
- Төсвийн төслийн баримт бичигт багтдаг төсөвт учрах эрсдэлүүдийн талаарх танилцуулгад Засгийн газар эдгээр эрсдэл төсвийн орлого, зарлага, алдагдалд хэрхэн нөлөөлөх талаарх тооцооллыг тусгадаг болох;
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, төсвийн орлогыг хэт өөдрөг байдлаар төсөөлөл хийж буйг зогсоож, өөдрөг бус төсөөлөх сценари хийдэг болох чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах;
- 2024 оны ДНБ-ий талаарх Засгийн газар болон Монголбанкны тооцооллууд зөрж, Засгийн газрын төсөөлөл илүү өндөр гарсан байна. Макро эдийн засгийн хамгийн том үзүүлэлтийн хувьд төрийн байгууллагуудын тооцоолол ийм зөрүүтэй гарч болохгүйг анхаарах;
- Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг кодчилох асуудалд ахиц гарч Сангийн яам төсвийн төсөл дэх хөрөнгө оруулалтын төслүүд дээр анх удаа код оруулсан. Төслийн кодчиллоо хэрэгжилт, тайлагналт, хяналтын бүх үе шатанд хэрэгжүүлж ил болгох;
- Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг нийгэм, эдийн засагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй чиглүүлэх;
- Төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын төслийн эрэмбийн мэдээллийг ил тод болгох;
- Төсвийн зарлагын функциональ буюу зориулалтын ангиллын мэдээллээ илүү дэлгэрэнгүй нийтлэх;
- Төсвийн тоон мэдээллийг PDF, Word хэлбэрээр нийтэлж буй нь компьютероор боловсруулалт хийхэд хялбар бус тул .csv, .xls/.xlsx, .json гэх мэт форматаар нийтлэх. 2024 оны төсвийн төслийн танилцуулгыг зурган хэлбэрээр нийтэлсэн нь өмнөх онд PDF хэлбэрээр ил болгож байснаас ухралт болсон нь төсвийн нээлттэй байдлын олон улсын ээлжит судалгаанд Монгол Улсын үнэлгээ буурах эрсдэлийг үүсгэж байгааг анхаарах;
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын албан тушаалыг давхар хашиж бyй нь уг албан тушаалтан улсын төсвийн удирдлагад төвлөрч ажиллах боломжийг бууруулж байгааг анхаарч, улсын төсвийн асуудалд ирүү төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх;
- Эрчим хүчний хангамжийн асуудал тулгамдаж буй өнөө үед тус салбарын засаглалыг сайжруулж, төсвийн зарцуулалтыг ил тод байлгах зэрэг болно.
Төсвийн зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан дээрх хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүлэх юм.