Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолд “Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор Эрдэнэс Монгол ХХК ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар” зохицуулжээ.
Гэсэн хэдий ч Монгол Улсад Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд нэр томьёоны зөрүүтэй байдлаас эхлээд олон улсад хэвшиж тогтсон компанийн нэгдлийн загвар, түүнийг хэрэгжүүлэх зарчмууд, Эрдэнэс Монгол нэгдэлд хэрэгжүүлж болох загвар, тухайн загварын хүрээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт, практик бүрэн төлөвшөөгүй байна.
Иймд Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг бэхжүүлэх үүднээс төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлагын загвар, түүнийг хэрэгжүүлэх суурь зарчмууд, анхаарах асуудлуудыг олон улсын сайн жишигт тулгуурлан үнэлж, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг Хууль зүйн ухааны доктор Г.Давааням, хуульч, судлаач Б.Тэлмэн нар хийснийг мэдээллийн сангаас дэлгэрүүлж уншина уу.