Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоон бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар Засгийн газар хяналтдаа авч, компанийн үйл ажиллагааг шууд удирдан эд хөрөнгийн болон бусад чухал шийдвэрүүдийг гаргах боллоо. Тухайлбал, 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосон бол 2022 онд Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой Төмөр зам ХХК, Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоожээ. Ийнхүү онцгой дэглэм тогтоох нь компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой боловч энэ нь компанийн бие даасан хараат бус байдлыг хангах засаглалын олон улсын стандарт болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа дотоодын хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Компанид удирдлагын хямрал үүсэж, үйл ажиллагаа доголдсон нөхцөлд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран хувьцаа эзэмшигчдийн зүгээс өмчлөгчийн хувьд хяналт хэрэгжүүлэх шаардлага үүсэж болдог. Харин өмчлөгчийн хяналтыг компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжтой бөгөөд компанийн дотоод болон хөндлөнгийн аудитын тогтолцоог үр дүнтэй ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авах боломж өнөөгийн эрх зүйн орчинд байгаа болно.
Харин Засгийн газар өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан шилжилтийн үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий хууль буюу БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байна. Энэ хүрээнд судлаачид ТӨК-ийн онцгой дэглэм ба төрийн өмчлөгчийн хяналт сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн бөгөөд өнөөдөр олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Уг бодлогын шинжилгээнээс онцлон хүргэе.
- Засгийн газар нь уг хуульд заасан “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог өргөжүүлэн хэрэглэжээ. Харин уг хуулийг батлах үед хувийн эрх зүйн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах “компани” гэх зохион байгуулалтын хэлбэр хараахан байгаагүй бөгөөд 1991 оны 5 дугаар сард батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулиар компанийн хэлбэр анх бий болжээ. Иймд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь компани, нөхөрлөл, хоршоо, сан, холбоо зэрэг хувийн эрх зүйн хуулийн этгээдийн хүрээнд үйлчлэхгүй хэмээн дүгнэж болох юм.
- Онцгой дэглэм тогтоосон таван компани нь Иргэний хуульд заасан хувийн эрх зүйн хуулийн этгээд байх бөгөөд зарим нь гагцхүү хувьцааны эзэмшлээр төртэй холбогдсон байна. Ялангуяа, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигч байгаа бол Тавантолгой ХК-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм. Иймд дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”, “хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарласан байна.
- Төрийн өмчит эсхүл төрийн өмчит бус компани байгаа эсэхээс үл хамаарч, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд онцгой дэглэм тогтоох замаар компанийн эд хөрөнгийн эрхэд хяналт тогтоох нь Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийн суурь үзэл санаанд үл нийцнэ.
- Уг хуулийн 2.5-д “Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох” хэмээн заасан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан шинжтэй байна. Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж заасныг анхаарах шаардлагатай.
- Төрийн зүгээс компанийн хувьцааг эзэмшиж байгаа эсэхээс үл хамааран бүх төрлийн компанийн харилцаанд Компанийн тухай хууль нийтлэг үйлчилнэ. Компани нь иргэний эрх зүйн чадвар бүхий бие даасан хувийн эрх зүйн этгээд болохын хувьд өөрийн удирдлагын бүтэц буюу хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаар дамжуулан шийдвэр гаргах замаар эрх зүйн харилцаанд оролцоно. Харин Засгийн газраас дээрх таван компанид онцгой дэглэм тогтоож, удирдлагын бүх эрхийг гартаа авсан Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн суурь үзэл санаанд нийцэхгүй.
Тэрчлэн УИХ-д өргөн баригдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд туссан нь Үндсэн хуулийн үзэл санаа, Иргэний хууль, Компанийн тухай хуулиар тогтоосон суурь зарчимд харш дээрх үзэгдлийг жишиг болгон тогтоох эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна. Бодлогын шинжилгээг эндээс уншина уу.