Хэлэлцүүлэгт оролцогчид дараах асуудалд бодлого боловсруулагчдын зүгээс анхаарах хэрэгтэйг тэмдэглэлээ

A- A A+
Хэлэлцүүлэгт оролцогчид дараах асуудалд бодлого боловсруулагчдын зүгээс анхаарах хэрэгтэйг тэмдэглэлээ

Манай улсад хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд, тэдгээрийг хэрхэн ногдуулж буй, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар "Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн судалгааны баг хийж гүйцэтгэн дүгнэлт, зөвлөмжөө өнөөдөр танилцуулж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Сангийн яамны Татварын бодлогын газар, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар,  Татварын ерөнхий газар, Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын ачаалал нь татварыг цалин хөлснөөсөө шууд суутгуулдаг татвар төлөгчдөд илүү их төвлөрч байгаа нь судалгаанаас харагдсан байна. Хувь хүний орлогын албан татварын хэрэгжилт болон үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр судлаачид санал, зөвлөмж дэвшүүлжээ.

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс дараах асуудалд бодлого боловсруулагчдын зүгээс анхаарах хэрэгтэй байгааг тэмдэглэлээ. Үүнд:

  • Хувь хүний орлогын албан татварыг ногдуулахдаа иргэний тодорхой нөхцөл байдлыг харгалзан үздэг олон улсын туршлагаас нэвтрүүлэх;
  • Цалин, хөдөлмөрийн хөлснөөс шууд суутгуулдаг татвар төлөгчдийн татварын ачаалал өндөр байгааг анхаарах;
  • Иргэд татварын өрөнд орж байгааг анхаарч үзэх;
  • Татварын бодлогыг ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын бодлого зэрэгтэй уялдуулах;
  • Бүсийн хөгжлийг дэмжих татварын бодлого хэрэгжүүлэх;
  • Татварын урамшууллын бодлогыг сайжруулах;
  • Хувиараа албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогоос татвар авах хөшүүргийн талаар судалгаа хийх;
  • Татварын мэдээллийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх
  • Иргэд татвар төлөх сонирхол буурах хандлагатай байгаа нь татвараас бүрддэг төсвийн зарцуулалтын үр ашиг, хариуцлага, иргэдийн авч буй нийгмийн үйлчилгээний чанар сул байгаатай холбоотой тул төсвийн зарлагын удирдлагыг сайжруулах (Иргэд татвараа төлөөд чанартай нийгмийн үйлчилгээ авч буй тохиолдолд татвар төлөх сонирхол илүүтэй байдаг нь Скандинавын орнуудын жишээнээс харагддаг байна).

Судалгааны баг мөн Казахстан, Сингапур, Ирланд зэрэг улсуудын хувь хүний орлогын албан татварын тогтолцооны кейс судалгааг хийсэн юм.

Энэхүү судалгаатай Мэдээллийн сан цэсээс танилцана уу.

2024.01.31