ННФ, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороотой хамтран Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Төсвийн тухай хуулийн дагалдах хууль сэдэвт хэлэлцүүлгийг хуульчдын дунд өрнүүллээ. ХЗДХЯ болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээр 2022-2024 оны төсвийн тухай хуулийн дагалдах хуульд хийсэн дүн шинжилгээний үр дүнг хэлэлцэн цаашид хууль тогтоомжийн тогтвортой байдал, чанар, үр нөлөөг сайжруулахад дагалдах хуульд тавигдах шалгуур, шаардлага, хуулийн төсөл өргөн мэдүүлэх үйл явцыг нарийвчлах, хуулийн төслийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилт, үр дагаврын судалгаа, үр нөлөө, зардлын тооцооны аргачлалыг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах үйл явцад тавих хяналтыг чанаржуулах асуудлаар ажил хэрэгч санал, санаачилгуудыг ярилцлаа.
Сүүлийн үед хууль бүтээх үйл явцад баримтлах үе шат, түүнд тавих хяналт суларч байгаа нь эргээд хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт, үр нөлөө буурахад хүргэж байна. Үүний нэг илрэл нь “дагалдах хууль” гэх ойлголтын агуулга, түүнд тавих шаардлага тодорхой бус байгаагаас дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулж буй хуулийн үзэл баримтлалыг хөндсөн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтийг нарийвчилсан үнэлгээ, тооцоо судалгаа, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр оруулах явдал гарах болов. Зарим тохиолдолд бүр анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдах хуулийн горимоор өргөн мэдүүлж батлуулсан явдал ч гарчээ. Энэ үзэгдэл нь жил бүр батлагддаг төсвийн хууль, түүнийг дагалдах хуулиудад илүү тод ажиглагдаж байна. Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж 110 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал болгосны 99 нь батлагдсаны дотор Засгийн газар дахь хяналтын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хууль гэх хоёр ч анхдагч хуулийн төсөл багтжээ. Дээрх 99 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дийлэнх буюу 82 нь Засгийн газар дахь хяналтын тухай хууль шинээр баталсантай холбоотой байв. Өөрөөр хэлбэл, дагалдах хуулийг дагалдуулан өөр бусад хуульд өөрчлөлт оруулсан гаж тохиолдол гарчээ.
Аливаа хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо заавал хэлэлцэж, санал, дүгнэлт гаргадаг. Харин энэ шаардлага төсвийн хууль тогтоомжид үл хамаардаг тул тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь байнгын хорооны санал дүгнэлтгүй, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь урьдчилан шийдэгдэхгүйгээр (төсвийн тухай хуулийн төслийн багцад хамаарч) чуулганд шууд танилцуулагдаж байна. Тэрчлэн Төсвийн тухай хуульд төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлага байдаг ч энэ нь дагалдах хуулийн тухайд бүрэн хэрэгждэггүй буюу цаг хугацааны хязгаартай байдлаас хамааран хэлэлцүүлэг зөвхөн төсвийн төсөл дээр төвлөрч, дагалдах хуулийн хэлэлцүүлэг орхигддог.