“Шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь: Асуудал, шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

A- A A+
“Шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь: Асуудал, шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

 

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхтэй хамтран шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх асуудлаар 2024 оны 04-р сарын 26-ны өдөр зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг уулзалт нь хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд үдээс өмнө Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрхийг нэхэмжлэн хамгаалах асуудлаар  хэлэлцсэн бол үдээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоо, анхаарах асуудлын хүрээнд өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт бүх шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар болон төрийн бус байгууллага, өмгөөлөгч, прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтад ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “Нийтийн ашиг сонирхол: Төрийн бус байгууллагын нэхэмжлэх эрх” сэдвээр танилцуулга  хийв.

Төрийн бус байгууллагын нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэх эрхийг тодорхойлоход шүүхээс тэдний дүрмийн зорилгыг субьектив байдлаар тайлбарлах, тогтвортой үйл ажиллагааг нотлох бусад үйл баримтыг үл харгалзан үйл ажиллагааны болон татварын тайлан гаргасан байдлыг харгалзан, тэр дундаа ААНОАТ-ын тайлан шаардан орлого олоогүй буюу "X" тайлан өгснийг үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байгаа нь ашгийн төлөө хуулийн этгээдэд тавих шаардлага болохыг эргэн харах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм. 

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар нийтийн ашиг сонирхлыг шүүхээр хамгаалахад тулгарч буй бэрхшээлүүдийг ярилцан цаашид энэ чиглэлээр яриа хэлэлцүүлэг, сургалт, судалгааны ажлыг тогтмол зохион байгуулах, захиргаа болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын оролцох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар хэлэлцлээ.