Нээлттэй Нийгэм Форум нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Чингэхдээ шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилгоо болгон ажилладаг. Энэ удаад дараах дөрвөн чиглэлээр судалгааны төслийн нээлттэй шалгаруулалт зарласан бөгөөд шалгаруулсан төслүүдийг танилцуулж байна. Үүнд:
Эрдэс баялгийн салбарын засаглалын чиглэлээр;
- Э.Байгаль (PhD), Б.Нинжин (PhD) нарын “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, ил тод байдал: Байгаль орчин, нийгэм, орон нутгийн хөгжлийн асуудлууд” төсөл,
- “Уул уурхайн эрх зүй судлалын сан” ТББ-ын “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн ил тод байдал: Бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн ил тод байдал” төсөл,
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн чиглэлээр;
- Р.Оюундэлгэр ахлагчтай “Тогтолцоо, дүн шинжилгээний судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаачдын ирүүлсэн “Хууль, тогтоомжийн төслийн нээлттэй байдал, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт” төсөл,
- “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-ын “Хууль, тогтоомжийн төслийн нээлттэй байдал, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт” төсөл,
- “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” ТББ-ын “Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагын хэрэгжилт” төсөл,
Мэдээллийн ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар;
- “Оюуны–Инноваци” ТББ-ын “Мэдээллийн ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх” төсөл
- Өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн “Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад цахим хуудсыг хаах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах бусад албадлагын чанартай арга хэмжээг зохицуулсан байдал, үүнд эрх зөрчигдөн хохирохоос сэргийлэх хяналт, баталгааг хангасан байдал” төсөл,
Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр;
- Судлаач Б.Оюунжаргал (PhD) –ын “Шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх арга зам” сэдэвт төсөл тус тус шалгарлаа.