Улсын хэмжээнд иргэний нийгмийн, сайн дурын 240 ажиглагч ажиллахаар бүртгүүллээ

A- A A+
Улсын хэмжээнд иргэний нийгмийн, сайн дурын 240 ажиглагч ажиллахаар бүртгүүллээ

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2024 оны 6 дугаар сарын 26

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгах болсон ч ТАНД төхөөрөмжид үл илтгэх эргэлзээ байсаар байна уу?

"МИДАС" ТББ-ын тэргүүн С.Энхжаргал:

Энэ удаагийн сонгуулиар саналыг төхөөрөмжөөр тоолсны дараа бүх хэсгийн хороод дээр 100 хувь гараар тоолж тулган баталгаажуулна. Гэвч иргэдийн дунд яригдсан хардлага байсаар байгааг дурдвал: Хардлага 1. Санал тоолох төхөөрөмж уншихдаа өгсөн саналыг арилгаад өөр хүн дээр санал тэмдэглэж уншуулна. Санал өгөхөд тусгай үзгээр тэмдэглэдэг нь учиртай гэсэн хардлага. Хардлага 2. Санал хураалтын дүнг сервер рүү дамжуулахад нь хакердаж өөрчилнө.

СЕХ-ноос 2024 оны 6 сарын 21-нд улс төрийн нам эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн  болсон санал тоолох төхөөрөмжөөс өөрсдөө санамсаргүй байдлаар сонголт хийж, туршиж үзэх боломж олгосон ба үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцсон. 

Иргэний нийгмийн ажиглагчдын зүгээс Дархан сум руу ачихаар бэлтгэсэн төхөөрөмжийг сонгож нэр дэвшигчидтэй хуудаснаас 10 ширхэг, нам эвсэлтэй хуудаснаас 20 ширхэгийг авч өөрсдийн урьдчилан бэлдсэн тестийг гүйцэтгэн шалгаж үзэв. Энэ удаад нэг машинд олон хуудас уншуулж стресс тест хийгээгүй болно. 

Өгөгдсөн саналын хуудаснуудыг ашиглаж эхлэлийн тайлан гаргах, хоосон хуудас уншуулах, саналын хуудсанд бичигдсэн нэр бүрийг зөв уншиж байгаа эсэхийг эхний ээлжид шалгахад төхөөрөмж горимын дагуу хэвийн ажиллав.

Нам, эвслийг сонгох саналын хуудсанд 21 нам, эвсэл бичигдсэн тул 21 дэхийг давхар дугуйлах аргаар шалгасан ба төхөөрөмж давхар саналтай хуудас болохыг таньж буцаасан. Мөн хэд хэдэн нам, эвслийг давхар дугуйлах аргаар шалгахад саналын хуудсыг буцааж байлаа.

Нэр дэвшигчдийг сонгох хуудасны хувьд мөн олон нэр дэвшигч жагсаасан тул нам, эвслээр нь дугуйлах, хольж дугуйлах, мандатын тооноос илүү дугуйлах, дутуу дугуйлах хувилбаруудыг шалгалаа. Үүнээс гадна дутуу дугуйлах, илүү дугуйлах, саналын хуудасны бар кодыг дарах, цагийн бөмбөг байгаа эсэх буюу санал нэгтгэх үеийн цагаар тохируулж саналын билл хэвлүүлэх туршилт, тестийг гүйцэтгэхэд алдаа гараагүй болно.

Хардлага 1 буюу санал тоолох төхөөрөмж өгсөн саналыг өөрчилж байна уу гэдгийг шалгах үүднээс индүү халааж дугуйлсан дугуй дээр 40 сек, дугуйлаагүй хоосон байсан дээд хэсэгт 40 сек халааж ямар нөлөө үзүүлэхийг туршсан. Ингэхэд мөн асуудал гараагүй.  Санал өгөхөд тусгай үзэг ашигладаг нь хурдан хатдаг бэхээр тэмдэглээ хийхгүй бол төхөөрөмжийн унших толгой  бохирдож дахин дахин цэвэрлэх шаардлага тулгардагтай холбоотой.

Хардлага 2 буюу серверт санал хураалтын дүнг дамжуулах явцад хакердаж өөрчлөх вий гэсэн болгоомжлолын хувьд дамжуулахаас өмнө төхөөрөмжөөс дүнг хэвлэж, нам, эвслийн болон иргэний нийгмийн ажиглагчдад тус бүр нэг нэг хувь өгдөг ба төхөөрөмжид уншигдсан саналын хуудсын эрэмбийг санамсаргүй болгож өөрчилсөн зургийн файлыг мөн хуулбарлан өгдөг. Үүнээс гадна, саналын хуудсыг гараар тоолон тулгаж, хяналтын тооллого хийж буй нь дүнг дамжуулсан дүнтэй тулган хянах боломж нээдэг. Дээрх хардлага нь үндэслэлгүй юм.

Энэ удаагийн сонгуулиар сонгогч хоёр саналын хуудсыг уншуулахад хугацаа уртсах вий гэсэн болгоомжлол байгаа тул хоёр хуудсыг ямар хугацаанд уншиж байгааг шалгаж үзсэн ба нийт 32 сек болж байлаа.

ГАДААДАД САНАЛ ХУРААХ ҮЙЛ ЯВЦЫГ АЖИГЛАВ

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын УЗ-ийн дарга Т.Амарзаяа: 

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-ын томилсон 4 ажиглагч БНСУ, Япон, АНУ-д 2024 оны 6-р сарын 20-23-ны өдрүүдэд сонгуулийн санал хураалт хуулийн дагуу явагдаж  буй эсэхэд ажиглалт хийлээ.

Тус гурван улсын салбар комиссын санал хураах байр цагтаа нээгдсэн ба зохион байгуулалт сайн байсныг ажиглагчид мэдээлэв. Санал хураах байрыг хуулийн дагуу бэлтгэсэн. Санал хураах явцад ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй, хэвийн явагдсан гэдгийг ажиглагчид тайланд дурджээ. Сонгогчид нэр дэвшигч сонгоно гэсэн ойлголттой ирсэн цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн ба зөвхөн нам сонгох боломжтой байгааг маш их гайхан хүлээж авч байжээ. Гадаадад байгаа сонгогчид зөвхөн нам сонгох тухай мэдээллийг аваагүй байна. Онлайнаар бүртгүүлсэн боловч иргэний үнэмлэхийн зургаа дутуу оруулснаас болоод бүртгэл нь баталгаажаагүй гэдгийг мэдэлгүй саналаа өгөхөөр ирсэн нэг иргэн байсан бөгөөд урьдчилж бүртгүүлээгүй ч саналаа өгөх боломжтой эсэхийг асуусан залуус хэд хэд ирсэн гэв.

Сөүл хотын салбар комисст санал өгөхөөр 2656 хүн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгснөөр 69,47 хувьтай санал авах үйл ажиллагаа дуусаж, салбар комисс хуульд заасны дагуу саналын хуудасны тооцоо хийх, битүүмжлэх үйл ажиллагаа явагдав. Санал хураах явцад хурууны хээ нь танигдаагүй 6 иргэн байсан ба иргэний үнэмлэхийн мэдээлэлд үндэслэн бүртгэл үйлдээд саналын хуудас олгожээ. Түүнчлэн бэхэн тэмдэглэгээ хийлгэхгүй гарж явах, санал өгсөн иргэд урсгал сөрж гарах, гадаадад амьдарч байгаа иргэд зөвхөн нам сонгохыг мэдэхгүй тохиолдол цөөнгүй байв. Осака хотод хурууны хээ унших төхөөрөмж эхний 5 хүн дээр ажиллаад тэрнээс хойш огт ажиллаагүй байна. Үүнээс гадна урьдчилж бүртгүүлж байж саналаа өгөх ёстой гэдгийг мэдээгүй иргэд ч олон байжээ. АНУ-ын хувьд саналын хуудасны бүх тоо тулсан бөгөөд хүчингүй, эсвэл нэмэлтээр саналын хуудас өгсөн тохиолдол гараагүй ба 85.3 хувийн ирцтэйгээр санал хураах үйл явц өндөрлөв.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 240 ИРГЭНИЙ НИЙГМИЙН САЙН ДУРЫН АЖИГЛАГЧ АЖИЛЛАХААР БҮРТГҮҮЛЛЭЭ

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан:

2024 оны 5 дугаар сарын 28-нд нийт 114 хэсгийн хороонд 220 хараат бус сайн дурын ажиглагч ажиллахаар СЕХ-ны цахим системээр болон хэсгийн хороодод биечлэн материалаа хүргүүлж, ажиглагчийн үнэмлэхээ аваад байв. Улсын хэмжээнд 2180 хэсэг, Нийслэл хотод 509 хэсгийн хороо ажиллахаас нийслэлийн 101 хэсэгт 200 ажиглагч, 13 багийн ахлагч, орон нутагт 12 аймгийн (Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Дархан, Төв, Дорноговь) 13 хэсэгт 21 ажиглагч ажиллана.

АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮД УЛС ТӨРИЙН ЖИЖИГ НАМ БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭХ НЬ ХОМС БАЙНА

  "Глоб Интернэшнл төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон:          

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингод  МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингод суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.

6 сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны хоёрдугаар үе буюу 6 сарын 17-23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн судалгааны урьдчилсан дүнг танилцуулж байна.

Хоёрдугаар үе буюу 6 сарын 17-23

Судалгааны хугацаанд 5 телевизийн 636 цаг 14 минут 00 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

Арилжааны 4 телевизийн сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын  хувьд ангилан үзвэл  52% нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 32% нь төлбөртэй нэвтрүүлэг, 23% хувь нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Сонгогчдын боловсролд зориулсан хамгийн их нэвтрүүлгийг Eagle news дамжуулсан нь 76%-д хүрсэн бол хамгийн их далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийг NTV телевиз нэвтрүүлсэн нь 36%-д хүрчээ.

Арилжааны телевизүүд 4-5 нам эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв. Харин бие даагчдын талаар хангалттай мэдээлэл нэвтрүүлсэнгүй.

МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ.  Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 12%-ийг эзэлсэн бол АН-д 9%-ийг оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 6%-тай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 55%, АН-д зарцуулсан цаг 28% хүрчээ.

Сонгуулийн сурталчилгааны дунд хугацаанд магтаж сайшаасан, эерэг өнгө аястай мэдээллийн хэмжээ нэмэгдсэн ч телевиз тус бүрт харилцан адилгүй байв. Тухайлбал ТV9 телевизийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 97% нь эерэг буюу магтаж сайшаасан өнгө аястай байсан бол NTV телевизийн эерэг өнгө аястай мэдээлэл ердөө 2%-д хүрчээ. Бүх телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл буурсан нь 2-7% байна.

Телевизүүд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн ноцтой тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.

Телевизүүд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар тэнцвэргүй мэдээлсэн хэвээр байна. Монгол TV-ийн сонгуулийн тухай мэдээллийн 85%-ийг МАН дангаараа эзэлж байгаа бол NTV телевизийн мэдээллийн 51%-ийг АН дангаараа эзэлсэн нь анхаарал татахуйц байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчдийн нэвтрүүлсэн мэдээллийн агуулгыг ангилан үзвэл 30 гаруй хувь нь тухайн намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан мэдээлэл эзэлжээ.

Хэвлэлийн бага хурлын шууд дамжуулалтыг үзнэ үү.