Иргэний нийгмийн байгууллагууд 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад ажиглалт, мониторинг хийлээ - ENG

A- A A+
Иргэний нийгмийн байгууллагууд 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад  ажиглалт, мониторинг хийлээ - ENG

Download the English version.

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2024 оны 7 дугаар сарын 2

Хэвлэлийн мэдээ

ЗАЛУУЧУУД СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ АМЖИЛТТАЙ АЖИГЛАЛАА

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын УЗ-ийн дарга Т.Амарзаяа: 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 240 ажиглагч 2024 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын гар тооллого хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллаа. Ажиглагчдыг зохион байгуулах, мэдээллийг нэгтгэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй 20 багийн ахлагч, зохицуулагч сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллав. Ажиглалт нь Улаанбаатарт байршилтай 100 хэсгийн хороо, 11 аймгийн 12 хэсэгт нийт 112 хороог хамарсан болно.

240 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Санал авах байрны нээлт, орчин: 

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал сайн хангагдсан байсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг дутагдлууд ажиглагдав.

  • Нийт 112 хэсгээс 48 хэсэг тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломж хангагдаагүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлтгээгүй. 16 хэсэгт харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх зориулалтын брайль үсэг бүхий хавтас байгаагүй.
  • Санал авах байрны зохион байгуулалтын хувьд ажиглагч санал авах үйл явцыг саадгүй ажиглаж, сонгогчийн бүртгэл мэдээллийг харах боломжтойгоор дэлгэцийг байршуулаагүй, дэлгэц жижиг, ажиглагчийг хэт хол зайнд суулгасан зөрчил 16 хэсэгт гарсан.
  • Нийт ажиглалт хийсэн хэсгийн 50 хувь нь буюу 56 хэсгийн хороо санал авах ажиллагааг өглөөний 7 цагт эхлээгүй. Үүнээс 07:00 цагт нээгээгүй 17, 07:10 цагаас хойш нээсэн 39 тохиолдол гарсан. Хамгийн их хоцорч санал хураалтыг эхлүүлсэн тохиолдол 7:50-д санал хураалтыг эхлүүлсэн.
  • Хэсгийн хорооны дарга нэрийн жагсаалт дахь сонгогчийн тоо, зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны нэгдсэн дугаар зэргийг бүрэн мэдээлээгүй тохиолдол 27 хэсэгт гарсан.

Санал хураах үйл явц: 

Санал хураах үйл явц ерөнхийдөө хэвийн саадгүй үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай талбай хэт жижигхэн, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаар мэдлэггүй байснаас болж дараах нийтлэг зөрчил гарсан байна.

  • Хөдөлмөр эрхлэлтийн онцлог, нас зэргээс шалтгаалан хурууны хээ уншигдахгүй байх тохиолдол гарсан. Хурууны хээ унших төхөөрөмж ажиллаагүй 12 тохиолдол гарав.
  • Нийт 3 хэсгийн хороон дээр 1001 тохиолдол гарсны 2 тохиолдол нь буруу газарт гарын үсэг зурсан. 
  • 10-1-14-1 хэсэг дээр зөвхөн "түр хасалттай" иргэдийн гарын үсгийг авч, бусад хүмүүсийн номерыг л дугуйлсан” тул 999 тохиолдол бүртгэсэн.
  • Сонгогч бүр саналын хуудсыг санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглээгүй тохиолдол нийт 31 хэсгийн хороон дээр 1129 тохиолдол гарсан. Үүнд:
  • Өндөр настай, ямар нэг байдлаар чадвар сул, харааны бэрхшээлтэй, бичиг үсэггүй иргэд ганцаар ирсэн тохиолдолд хэсгийн хорооны ажилтан тусалсан.
  • 2 сонгогч нэгэндээ саналын хуудсаа харуулж байсан. Бас өөр нэгэн гэр бүлийн гишүүн нөгөө хүнээ саналын хуудас бөглөж байхад нь дээрээс нь харж байсан.
  • Бүхээг дээр дараалал үүсэх,  хажуугийн ажилтантай их ойр тул зарим хүмүүс давуулж харах зэрэг асуудал гарчээ. 
  • Нэр дэвшигчээ дутуу сонгосон тул хэсгийн дарга нь нэмж сонго гээд хажуудаа нарийн бичгийн ширээн дээр суулгаад үлдэгдлийг нь сонгуулсан.
  • Саналын хуудасны нууцлалыг хадгалах зориулалтын хавтсыг ашиглаагүй зөрчил бүх хэсгийн хороонд нийт 4555 удаагийн тохиолдол гарсан.
  • Алдаатай тэмдэглэсэн болон төхөөрөмж уншаагүй шалтгаанаар хураагдсан саналын хуудасны зүүн доод буланг цаг тухайд нь хайчилж хүчингүй болгоогүй тохиолдол 32 хэсэгт 308 удаа бүртгэгдсэн.
  • Сонгогч саналаа санал тоолох төхөөрөмжид уншуулах үед саналын нууцлал алдагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн зөрчил 80 хэсгийн хороон дээр 2157 удаа гарсан. Үүнд: Төхөөрөмжид саналын хуудсыг уншуулах үед гэр бүлийн хүн туслах, ил барих, мэдээллийн технологийн даамал, хэсгийн ахлагч сонгогчийн хуудсыг уншуулж өгөх гэх мэт зөрчил бүртгэгдэв. 10 мандаттай  тойргийн хувьд саналын хуудас нь урт бөгөөд нууцлалын хавтас багадаж, санал нь ил харагдахуйц мэдэгдэж байв. Иргэд уншуулж бүрэн  дуусаагүй төхөөрөмжийг орхиж явахад алдаатай саналын хуудас буцаж гарч ирж байсан.
  • Тухайн санал авах байранд санал өгөх ёстой боловч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй зөрчил нийт 19 хэсэгт 68 тохиолдол гарсан байна. Нэрсийн жагсаалтанд сонгогч нэмж бүртгэсэн тохиолдол 8 хэсэгт нийт 17 тохиолдол гарсан.
  •  Итгэмжилсэн иргэнээс бусад хүн өөр сонгогчийн нэрийн өмнөөс саналын хуудсыг бөглөсөн, туслалцаа үзүүлсэн тохиолдол нийт 37 хэсгийн хороон дээр 114 тохиолдолд хэгсийн хорооны ажилтан туслалцаа үзүүлсэн гарсан. Үүнээс 26 хэсгийн хорооны 63 тохиолдол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалсан.
  • Сонгогч саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан зөрчил нийт 63 хэсгийн хороон дээр 238 тохиолдол гарсан.
  • Санал тоолох төхөөрөмжийн толгой бохирдож, толгой цэвэрлэх хуудсыг уншуулах тохиолдол 26 удаа гарсан.

Санал тоолох үйл явц: 

  • Санал хураалтын дүнгийн хуудсыг хэвлэх, дүнг дамжуулах үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацсан 8 тохиолдол гарсан. Жишээ нь, 9-1-1-2 дээр 22 цагаас 22:40 хүртэл санал тоолох төхөөрөмж гацсан, 10-2-1-3 дээр “Дамжуулах үед сүлжээнд асуудал гарсан бөгөөд серверт алдаа заасан гээд уншаад 30 мтнутын дараагаар 10:40 гэхэд 1-р машины дүнг мэдээг дамжуулан лацыг нь авсан, 12:12 гэхэд 2-р машины дүн мэдээг дамжуулсан ба лацыг тайлсан 2-р машины сүлжээг хэсгийг хариуцсан даамал нь дэд даамалаа дуудаж шалгуулан дамжуулсан.
  • Санал хураалтын дүнг дамжуулж дуусмагц хяналтын тооллогыг бүхэлд нь хяналтын камерын бичлэг дор эхлүүлээгүй тохиодол  “Чиглэл өгөөгүй гэж маш удаан хүлээлгэн, хүчингүй болсон хуудсаа хайчлаад зогсоод байсан. Чиглэл нь ирсэн ч гэсэн яаж эхлэхээ мэдэхгүй маш их удаад л тайзны хөшигний цаашаа орчихоод байсан” 11-1-2-3 дээр “цаас тоолж дууссан, 20-30 минутын дараагаар эхлэсэн. 8-1-13-3 дээр “Дүнг дамжуулсан ч хэсгийн хорооны дарга чиглэмж авахаар явсан гээд байхгүй байсан бөгөөд ажилчид ээлжлэн хоол идэх, бие засах зэргээр гарч орж хугацаа алдсан.
  • Хяналтын тооллогыг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмссөн байх, гартаа бугуйвч, бөгж, зүүлт, цаг зэрэг зүйл хэрэглэхгүй байх шаардлагыг хангаагүй 48 тохиолдол гарсан.
  • Хяналтын тооллогыг тасралтгүй, ил тод, нээлттэй зохион байгуулаагүй 11 тохиолдол гарсан. Хэсгийн хорооны ажилтнууд завсарлага авах, гарч орох, хоол идэх, унтах зэрэг зөрчлүүд цөөнгүй гарав.
  • 76 хэсгийн хороон дээр нам эвсэл, нэр дэвшигчдийн саналын хуудасны тоо тулсан гэсэн байна. Харин 15 хэсгийн хороо дуусгаагүй үүрээр буусан. Хамгийн сүүлийн хэсэг 2024 оны 6-р сарын 29-ний орой 19:30 минутад гар тооллогыг дуусгасан тухай мэдээлэл ирсэн.

Цаашид:

  • Энэ удаагийн сонгуульд иргэний нийгмийн ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх авах үйл явцад хэсгийн хорооны хүнд суртал багагүй хүндрэл учруулсан. Цахим бүртгэлийн системийг ашигласан боловч хуульд заасан олон бичиг баримтыг биеэр аваачиж өгөх, үнэмлэхээ авахын тулд хоёроос гурван удаа дахин очих явдал гарсныг арилгах. Иргэний нийгмийн ажиглагчийг цахимаар бүртгэх журмыг шинэчлэх.
  • Иргэний нийгмийн ажиглагчийг намын ажиглагч нартай ээлжлүүлэн суулгах хуваарь батлах, хэсгийн хорооны ахлагчийн үзэмжээр ханддаг байдлыг арилгах.
  • Хяналтын тооллого явуулах аргачлалыг хэсгийн хорооны ажилтнуудад эзэмшүүлэх. Сургалт мэдээллийг чанарын өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байна.

ТЕЛЕВИЗҮҮДИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙН ИХЭНХ ЦАГ ЭРХ БАРИГЧ НАМД ЗОРИУЛАГДАВ

  "Глоб Интернэшнл төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон:          

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа. Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд 5 телевизийн 1543 цаг 07 минут 34 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

5 телевизийн сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын  хувьд ангилан үзвэл  56% нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 39% нь төлбөртэй болон захиалгатай нэвтрүүлэг, үлдсэн 5% хувь нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг Eagle news дамжуулсан нь 75%-д хүрсэн бол хамгийн их далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийг NTV телевиз нэвтрүүлсэн нь 26%-д хүрчээ. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 53.6%-д хүрч, захиалгатай сурталчилгаа 46%-ийг эзэлж байна. Харин далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл хамгийн бага буюу 0.4% болжээ.

Арилжааны телевизүүд нам эвслүүдэд ялгаатай цаг оноосон төдийгүй бие даагчдын талаар хангалттай мэдээлэл нэвтрүүлсэнгүй.

Харин МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ.  Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 15%-ийг эзэлсэн бол АН-д 10%, ХҮН намд 9%-тай тэнцэх цаг зарцуулжээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 7%-тай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 55%, АН-д зарцуулсан цаг 27% хүрчээ.

Сонгуулийн сурталчилгаанд дээрх 5 телевизэд төвийг сахисан өнгө аястай мэдээлэл давамгайлсан нь 77% болов. Харин эерэг буюу магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 19%-д хүрчээ. Сөрөг мэдээлэл хамгийн бага цацагдсан нь 4%-ийг эзэлж байна. Арилжааны телевизүүдээс хамгийн их эерэг өнгө аястай мэдээллийг Монгол ТВ нэвтрүүлсэн нь 75% байсан бол Eagle news ойролцоо буюу 74%-д хүрчээ. Харин NTV телевиз хамгийн төвийг сахисан байдлаар мэдээлсэн нь 88%-ийг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт мэдээллийн 95 хувийг төвийг сахисан өнгө аястай мэдээлэл эзэлжээ. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн 3% нь сөрөг өнгө аястай байсан бол арилжааны телевизүүдэд 4-6%-ийг эзэлж байна.

Энэ жилийн сонгуульд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчдийн нэвтрүүлсэн мэдээллийн агуулгыг ангилан үзвэл 24 хувь нь тухайн намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан мэдээлэл эзэлжээ.Дээрх 5 телевизийн нэр дэвшигчидтэй холбогдох мэдээллийг хүйсээр ангилан үзвэл 81 хувь нь эрэгтэй нэр дэвшигчдэд оногдсон бол, 19 хувь нь эмэгтэйчүүдийн талаарх мэдээлэл байна.

МҮОНТ улс төрийн халз мэтгэлцээн зохион байгуулсан нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн тэнцвэртэй оролцоог хангахын зэрэгцээ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх өндөр ач холбогдол үзүүлэв. Гэвч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож, мэтгэлцээний чиглүүлэгчдийн чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байв.

СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТАЙЛАН ГҮЙЦЭД БИШ БАЙНА

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан:


Бодлогод залуусын хяналт ТББ-аас сонгуулийн зардлын тайлагналтын үйл явцад тасралтгүй хяналт тавин ажиллаж байна. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас тойрогт нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг хуулийн хугацаанд байршуулснаас 969 нэр дэвшигчээс 787 нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлсэн байна. Мөн сонгуульд өрсөлдсөн 21 нам, эвслээс 6 нь явцын зардлын тайланг хүргүүлээгүй ба ҮАГ-ын тайлан ирүүлэх жагсаалтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаагаас 187 хүний мэдээлэл байсангүй.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хуулийн 58.4-т зааснаар сонгуулийн зардлын явцын тайланг хүлээн авмагц нийтэд ил тод байрлуулах үүргээ 2 хоногоор хоцроон (26-ны шөнө байршуулсан), нэгдсэн байдлаар олон нийтэд танилцуулав. ТББ-ын хяналт шинжилгээний хүрээнд нийт 130 гаруй нэр дэвшигчдийн зардлын тайлангаа байршуулсан сошиал хуудсын мэдээллийг шалгаж үзэхэд хуулиас 1-2 өдөр хоцроосон зөрчил ажиглагдав. Мөн энэ талаар ҮАГ-аас энэ талаар нэгдсэн тайлбар, мэдээлэл гаргаагүй байна.

Түүнчлэн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.2-т сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэнэ гэсэн боловч зардлын явцын тайлангийн урьдчилсан дүнгээс үзэхэд 747 нэр дэвшигч 76,153,415,020 төгрөгийн орлого бүрдүүлснээс, 58,145,985,668 төгрөгийн зарцуулалттай байгаа бол 14 нам, эвсэл 11,410,796,058.53 төгрөгийн орлого бүрдүүлснээс 8,501,881,280.18 төгрөгийн зарцуулалттай гэжээ.

Тодруулбал, 2024 оны сонгуульд 87.5 гаруй тэрбум төгрөгийн орлогоос 66.6 тэрбумыг нь өнөөдрийн байдлаар зарцуулжээ. Үүнээс Улаанбаатар хотын 6 тойрогт 17 орчим тэрбумын орлого бүрдүүлснээс, 13 тэрбумыг зарцуулж, үлдсэн 45 тэрбум төгрөгийг орон нутгийн 7 тойрогт зарцуулсан байна.

УИХ-д суудал авсан намуудын явцын тайланг нэгтгэвэл,

  • МАН-ын 76 нэр дэвшигч 41 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс, 29.6 тэрбум гаруйг зарцуулсан
  • АН-ын 73 нэр дэвшигч 26.2 тэрбум гаруй орлого бүрдүүлснээс 21.7 гаруйг тэрбумыг зарцуулсан,
  • ХҮН-ын 74 нэр дэвшигч 3.2 тэрбум гаруй төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал
  • Үндэсний эвслийн 41 дэвшигчийн 2.9 тэрбум төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал
  • Иргэний зориг ногоон намын 12 нэр дэвшигчийн 577 сая гаруй төгрөгийн орлогоос 525 сая төгрөгийн зардлыг гаргасан байна.

Ийнхүү сонгуулийн санхүүжилтийн зардлын хяналт, шинжилгээний үйл явцыг урьдчилсан байдлаар дүгнэн үзвэл дараах нийтлэг зөрчил, дутагдал ажиглагдлаа. Үүнд,

  • Явцын тайлангийн орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх явдал нэр дэвшигчид болон намуудын аль аль тайланд гарав.
  • Нэр дэвшигчид, нам эвслийн үлдэгдэл дүнгээс илүү өр төлбөртэй үлдсэн гэж тайлагнаж байгаагаас хамгийн өндөр нь Иргэний хөдөлгөөний нам 640 сая төгрөгийн өртэй (дансны үлдэгдэл нь 7.3 сая төгрөг) байна.
  • Зардлын явцын тайлангийн маягтын иж бүрдэл хангалтгүй, гараар бичих, дутуу хүргүүлэх нөхцлүүд байгаа нь цаашид цахим систем нэвтрүүлэх шаардлагыг харуулав.
  • Хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй буцаалт хийсэн хандивын дүн нийт нэр дэвшигчдийн хувьд 8.7 тэрбум, нам эвслийн хувьд 1.2 тэрбум орчим байсан бөгөөд сонгуульд хандив авсан нам, эвсэл, нэр дэвшигчдийн орлогын үлдэгдэл нь харьцангуй өндөр байгаа нь цаашид хандивын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг харуулж байна.