Форум подкаст №3 Газар чөлөөлөх үйл явцын эргэн тойронд - Текст (Чимэгэ ашиглав.)
Эхлэл: Хөгжим
Хөтлөгч: Сайн байцгаана уу? ННФ-аас бэлтгэн хүргэж байгаа ярилцлагынхаа энэ удаагийн дугаараар бид “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд ярилцахад бэлэн болсон байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, мөн дэд бүтцийн болон уур уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг төрөөс хэрхэн хэрэгжүүлж, зохицуулж байна вэ гэдэг асуудлын хүрээнд бид өнөөдөр ярилцах болно.
Энэ хүрээнд ярилцахаар өнөөдрийн зочдоо урьсан байна. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, судлаач Р.Лхагвабаяр, Алисон энд Кэйт Партнерсын судлаач Г.Уянга нар оролцох болно. Ингээд ярилцлагаа эхлэхийн өмнө газар чөлөөлөлтөд өртөж, эрх нь зөрчигдсөн иргэдийн товчхон ярилцлагыг үзье ээ.
Ярилцлага
Иргэн: СБД-ийн 14 дүгээр хороонд амьдардаг. Энд Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа. Энэ жил Орон сууцны хорооллын газрын дахин төлөвлөлт явагдаж иргэдийн газрыг чөлөөлж байна аа. Газрын үнэ жаахан нэмэгдсэн ч гэсэн эд хөрөнгийн үнэлгээ маш муу. Тийм болохоор иргэд орон гэртэй болох боломж ховор. Ялангуяа дангаараа гэртээ байсан айлууд ганцхан газраа өгөхөөр эргээд орон байртай болоход хэцүү. Одоо 6, 7 буудлын бизнес эрхэлж байгаа хүмүүс эргэж хандаж байна. Бид нар эргээд энийгээ нөхөн ажиллуулж чадахгүй болчихлоо, зөвхөн орон гэртэй болоод л үлдэх юм байна аа. Бизнесээ одоо дахиж яаж сэргээх вэ? Дээр нь ажиллаж байсан ажилчид маань ажилгүй болж байна аа, дам дамаа олон хүн хохироод байна. Энэ ЖДҮ явуулдаг иргэдийг ингэж хохироож, буцаад сэргэхгүй болгож байгаа нь хамгийн аймшигтай байгаа байхгүй юу. Тэгээд сургууль, цэцэрлэгийн асуудал бас их байна. Энэ 6, 7 буудлынхан чинь 5 алхаад л сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгчихдөг байсан. Одоо бүгд ийш тийшээ нүүсэн. Ялангуяа нөгөө шилжилтийн насны хүүхдүүд эндэх сургуульдаа явна гээд зарим нь бүр нисэхэд очоод байранд орчихсон, хүүхдээ яах вэ, зөөх үү гэсэн асуудлууд их үүсэж байна.
Иргэн: 40 жилийн өмнө яг энэ хойно харагдаж байгаа хүрэн байшингийн суурин дээр манай гэр байсан. Ээж аав маань төмөр замд ажилладаг байсан. Улсаас энэ байрыг өгсөн байдаг юм. Гал залгах отгон хүү гээд надад гал голомтоо өвлүүлж үлдээсэн байсан. 2018 оны 10 сарын 17-оос эхлээд хүн амьдарсаар байтал 3 орцтой байрны 2 орцыг нь буулгасан. Ийм балмад явдал болсон. Тэрнээс хойш 2019 оны 3 сарын 30-ны 5 дахь өдөр байсан. Дандаа л ер нь 5 дахь өдрийн орой эхэлдэг юм. Тэгээд энэ өдөр байшинг маань бүрэн буулгасан гэсэн үг. Өмссөн хувцастайгаа үлдсэн. Шүүхийн шийдвэр ямар нэгэн захиргааны хэм хэмжигдэхүүнийг хангасан бичиг баримт байхгүйгээр айлын гэр рүү шууд халдан дайрч, орж ирж, дээрмийн үйл ажиллагаа явуулаад одоо алдсан хувцас, гэр бүлийн зургийн цомог, компьютер, цахилгаан бараа юуг нь ч олж авч чадаагүй. Ингээд 5 жил гаруйн нүүр үзээд явж байна. За ер нь түрээсийн байранд амьдарч байна.
Иргэн: Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах арьс ширний 80 айлын барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөх шаардлагатай болоод, 2017 оны 6 дугаар сард НЗД-ын захирамж гарч, уг барилгуудын амьдралын орчин нөхцөлийг сайжруулах төсөл эхлүүлсэн байдаг юм. Хэрвээ та хэд нэг өдрийн дотор суллаж чадах юм бол та нарт 8м2 өгнө гэсэн. Тухайн үед төсөл хариуцаж байгаа хүмүүс бид нарт тэгж танилцуулсан. Бид нар ямар ч байсан 8м2 сайхан орон сууцанд орох юм байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр байраа чөлөөлсөн байдаг юм. Төсөв мөнгө хомс байгаагаас шалтгаалаад та нарт гуравхан сарын дотор барилгыг чинь бариад өгнө. Ийм нөхцөлтэйгөөр бид нарыг анх энэ байрнаас гаргаад төслийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл энэ төсөл маань гуравхан сарын дотор гэсэн чинь 3 сарын дотор хийж амжаагүй. Тэгээд 2 жил бид нарыг түрээс ч үгүй, энд тэнд байрлах нөхцөл боломжоор хангаагүй. Ингээд бид нар гудамжаар 2 жил гаран явсан юм. Үүний эцэст 2019 онд бид нар орон байргүй, түрээсийн мөнгө ч байхгүй боллоо гэж шаардлага тавьсаар байгаад энэ байрандаа анх орсон байдаг юм. Одоо ингээд 9 сараас эхлээд энэ барилга доошоо суултаасаа шалтгаалаад, санг нь дээрээсээ дарчихсан. Тэгэхээр доод талын айлууд нь бөглөрөөд байна. Иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд дахин төлөвлөхөөс өөр ямар ч гарц гаргалгаа харагдахгүй байна.
Хөтлөгч: Эхний асуултаа би ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгээс асууя. ННФ ер нь яагаад энэ газар чөлөөлөх асуудлыг барьж авч, судлах болсон бэ?
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: Газар чөлөөлөлтийн асуудалд яагаад анхаарал хандуулах болсон бэ гэдгийн уг шалтгаан нь бараг саяын энэ хүмүүсийн ярианаас харагдаж байгаа байх гэж бодож байна. Энэ бол ерөөсөө Улаанбаатар хотод дахин төлөвлөлттэй холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдэг нийтлэг дүр зургийг харуулж байгаа. Энэ 3 хүний тохиолдол бол энэ үйл ажиллагаанаас хохирч үлдсэн мянга мянган хүмүүсийн төлөөлөл юм. Гэтэл газар чөлөөлөлттэй холбоотой иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал зөвхөн Улаанбаатар хотод явж байна уу, үгүй юү гэвэл бас үгүй байгаа юм. Яагаад гэхээр хөдөө орон нутагт уул уурхайн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү хөгжүүлнэ гэдэг төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд газар чөлөөлөх үйл явц бол маш их болж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бол яг Улаанбаатар хотын иргэдтэй адилхан бараг тэрнээс илүү шахуу ийм эмзэг нөхцөл байдалд орж байна гэж харж байна. Яагаад гэхээр маш олон иргэн энд газар нь болохгүй байх юм бол тийшээ нүүгээд явчихна гээд нүүгээд явчихдаг. Компаниуд ч гэсэн орон нутгийн захиргаанаас та нар нүүх боломжтой юм чинь нүүчих гэхээр явчихдаг нэг ийм асуудал байна. Энэ хүмүүс бол бүр нөхөн төлбөр авахгүй явж байгаа маш олон тохиолдлууд байна. Гэтэл нөхөн төлбөр авч байгаа хүмүүсийн тухайд нөгөө гэрийг нь үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр газраас салгаад, буцаагаад барьчихаж болдог учраас зориулалт нь алдагдахгүй гэдэг үүднээс орон гэр нь 1 дүгээрт үнэлэгдэхгүй байна. 2 дугаарт Улаанбаатар хотод хэрэглэж байгаа нөхөн төлбөрийн аргачлалыг барьж байгаа учраас өвөлжөө хаваржааных нь хашаа саравчийг бас үнэлдэггүй. Яагаад гэхээр барилгын материалаар барьсан байх ёстой гэхээр нөгөө байгалийн чулуу, шургааг, хөрзөнгөөрөө барьчихсан өвөлжөө хаваржааны үнэлгээнд маш бага эсвэл орохгүй явж байна.
Хөтлөгч: Дараагийн асуултыг би Р.Лхагвабаяраас асууя. Тэгэхээр сая бид бичлэгээс харлаа. Ерөнхийдөө газар чөлөөлөх шийдвэр гаргахад эрх нь хөндөгдөж байгаа иргэдийн бодит оролцоо хангагдахгүй байна аа гэдгийг бид нар сая үзлээ шүү дээ. Ер нь цаашдаа энэхүү оролцоог хэрхэн яаж хангах вэ?
Хуульч, Судлаач Р.Лхагвабаяр: Тийм, манай дээрх нөхцөл байдлыг том зургаар нь харахыг хичээвэл эрх зүйн орчин манайд бүрдсэн гэж хараад байгаа юм. Ер нь гаднын экспертүүд, мэргэжилтэн, судлаачид, дотоодын хуульчид, судлаач нар ер нь бүгд хэлдэг. Манайх бол хууль тогтоомж муу биш. Эсвэл бүр үнэхээр дутмаг учраас асуудлууд ингээд ар араасаа гарч ирээд, томоохон хүндрэл учраад байгаа юм биш. Бид нарын гол асуудал нь баталсан хууль тогтоомж, тэрийг дагаж баталж байгаа дүрэм журмуудаа яг практикт заасны дагуу хэрэгжүүлж чадахгүй, эсвэл хэлбэр төдий хэрэгжүүлдэг асуудлуудаас үүдээд хүний эрхийн зөрчил, дараа дараагийн асуудлууд, энэ эмзэг бүлэг, бүр бүхэл бүтэн маш олон мянган хүний асуудал яригдах хүртэл хэмжээнд хүрчихсэн байгаа юм. Энэ бол байгаагүй асуудал шүү дээ. Нийслэл Улаанбаатар хотыг дахин төлөвлөх явцад бий болж байна. Манай нийгмийн заавал шийдвэрлэх асуудал болж хувирч байгаа байхгүй юу. Тэгэхээр хууль тогтоомж олон нийтийн оролцооны хувьд бол манай улсын эрх зүйн хөгжил нэлээд дэвшилттэй явж байгаагийн зарим нэг зохицуулалтууд нь бол 2014 онд батлагдаад 2015 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хууль гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн гол агуулга бол ямар ч захиргааны байгууллага, товчхондоо төрийн байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахдаа ямар зарчим, юу юуг заавал хийх юм, иргэн Лхагвабаярын Баянхошуунд байгаа эсвэл Толгойтод байгаа газрыг хурааж авахдаа, тэнд зам тавихдаа, эмнэлэг сургууль барихдаа ямар ямар дараалалтай байх юм гэдгийг тусгасан хууль байхгүй юу. Монгол Улсын Үндсэн хуулиас мэдээж эх авсан. Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, сая дурдагдсан Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас боловсруулж байгаа газрын багц хуулиуд, за сүүлд нийслэл Улаанбаатар хотоор хэлэлцүүлж батлагдсан хууль гээд, тийм ээ? Тэгэхээр эрх зүйн орчинд Захиргааны ерөнхий хууль, бусад хууль тогтоомжуудад хангалттай боломж нь бүрдсэн байна. Хамгийн гол нь үүний хэрэгжилтийг сайжруулах ажил дээр бид их анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Дээрээс нь бас нэг ийм хэвшмэл, буруу ойлголт байна. Шинэ хууль, шинэ журам баталбал асуудал шийдэгдэнэ гэсэн. Яг одоо байгаа эрх зүйн орчин дээр 2015 онд жишээлбэл баталсан Захиргааны ерөнхий хууль мөн онд баталсан Хот байгуулалт хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гээд сайн сайн хуулиуд байгаа байхгүй юу. Үүнийгээ засан сайжруулаад, мэдээж энэ чинь одоо 7, 8 жил болчихлоо. Тодорхой хэмжээний алдаа дутагдал байгаа шүү дээ. Энэ хэсэг дээрээ илүү ажиллаад, за энэ хэсэг хэрэгжихгүй байгаа юм байна. Жишээлбэл хуулийн хэрэгжилтийг хянах байгууллага болохгүй байна аа. Энийг сайжруулъя. Энийг орон тооны болгоё, одоо жишээ нь орон тооны бус байгаа юм. Тэгэхээр энэ зүйлсийг засан сайжруулаад явъя гэхийн оронд шинэ хууль батална. Шинэ удирдлагатай болсон, шинэ багтай болсон, шинэ хуулиа л баталчихвал бид нар одоо яг бүх юм болно гэсэн буруу ойлголт байна гэж хараад байна. Илүү баталсан хууль тогтоомж, дүрэм журмуудаа яг ягштал хэрэгжүүлээд, баримтлаад явах юм бол энэ асуудлыг шийдвэрлэх боломж байна.
Хөтлөгч: Уянгаас асууя. Ер нь газар чөлөөлөхөд зайлшгүй байдлыг тодорхойлох гэдэг ийм нэр томьёо яваад байна тийм ээ. Тэгэхээр зайлшгүй байдал гэж яг юуг ойлгох вэ? юуг хэлж байгаа юм? Яагаад ийм ач холбогдолтой юм бэ?
Судлаач Г.Уянга: Газар чөлөөлөхөд нийгмийн зайлшгүй байдлыг заавал тогтоож байж төр тухайн газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн хөндөгдсөн эрхийг, ашиг сонирхлыг нөхөн төлбөр өгч, эрхийг нь хангаж байж, дараа нь газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Үндсэн хуулиар бол өмчлөх эрхийг хамгаалсан. Хэн ч иргэдийн өмчлөх эрхэд дураараа халдаж, тэр газрыг эргүүлэн авах эрх байхгүй. Харин зөвхөн нийтийн сайн сайхныг сайжруулах, нийгмийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй нөхцөл байдал, нийгмийн шаардлага үүссэн тэр нөхцөлд л газрыг чөлөөлүүлэх эрх нь зөвхөн төрд байдаг. Манай дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн компаниудтай хамтарч, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг явуулж байгаа. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ байна аа гэж үзээд, дахин төлөвлөлт хийгээд, гэр хорооллыг орон сууцжуулж байгаа олон төсөл хөтөлбөрүүд явж байна. Энэ хөтөлбөрүүдэд оролцож байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд маань төсөл хэрэгжүүлэх саналаа НЗД-д өгөөд, хэрвээ үнэхээр тэр төслийг хэрэгжүүлэх санхүүгийн зарчимтай, хүний нөөцтэй, төсөл нь тэнд амьдарч байгаа иргэдийн амьдрах орчныг нь үнэхээр сайжруулж байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа тохиолдолд тэр төслийг шалгаруулаад, хэрэгжих боломжоор нь хангаад, ингээд төр, хувийн хэвшилтэй хамтран газар чөлөөлөлтийн ажлуудыг хийж, бүтээн байгуулалтуудыг хийгээд явж байна. Тэгэхээр үүн дээр нийгмийн зайлшгүй байдал нь нийтийн сайн сайхныг хангахад зайлшгүй шаардлагатай гэдэг нь судалгаагаар нотлогдож байгаа байдлыг хэлж, ойлгоно.
Хөтлөгч: Тэгэхээр Р.Лхагвабаяраас дахиад асууя. Газар чөлөөлөх төлөвлөлтийн үйл явцад ер нь хамгийн чухал анхаарах асуудал нь юу байна?
Хуульч, Судлаач Р.Лхагвабаяр: Газар чөлөөлөх, төлөвлөх үйл ажиллагаан дээр яг өөрсдийнхөө боломжийн хүрээнд шүүх дээр байгаа жишээн дээр шүүхийн практик, шүүхийн маргаанууд ямар байна гээд судлаад үзэхэд сая хэлсэнчлэн байгаа хууль тогтоомжуудаа бүрэн сайн хэрэгжүүлж, ашиглаж чадахгүй байна. Үүний том жишээ нь гэвэл манай Хөшигтийн хөндийн нисэх буудал. 2010 оноос хойш тэр нисэх буудлын асуудлыг ярьж эхэлсэн юм байна. Тэгээд 2018 онд ер нь ажил нь жигдрээд эхлэх болсон, яг эхлэх дээрээ тулсан үед иргэдийн газрын асуудал яригдаж эхэлсэн. Жишээлбэл тэнд тодорхой нэг компани газар эзэмшиж байсан юм байна. Тэгтэл сая Үндсэн хуульд дурдсанчлан хувийн өмчийг авах тохиолдолд нийгмийн зайлшгүй хэрэгцээ, нийтийн сайн сайхны төлөө дайчлан авах тохиолдолд зохих нөхөн олговрыг өгч авна гэж байгаа юм. Тэгтэл энэхүү кэйс дээр компанийн газар эзэмших эрх, нөхцөл байдал, бичиг баримтыг нь харангуутаа холбогдох төрийн байгууллага тохиролцох, ойлголцох, нөхөн олговор олгох биш тэр компани хуулиа хэрэгжүүлсэн байна уу, газрын хуульд заасан газар цуцлах үндэслэл тогтоогдсон юм биш биз дээ, ойлголцох тохиролцох, тэр хүний асуудлыг шийдвэрлэх биш эхлээд хуулийн хүрээнд тэр хүнээс яаж газрыг нь авах вэ гэх арга замаар газрын эрхийг нь цуцалсан байгаа юм. Иргэн, компани шүүхээр ороод, шүүх юу гэж шийдсэн гэхээр улсын болон олон улсын шинж чанартай том бүтээн байгуулалт мөн, маш том нисэх буудал хэдий ч иргэн, хуулийн этгээдийн эрхийг шууд зөрчих, газрын эрхийг нь хүчингүй болгох үндэслэл биш юм аа гээд сэргээж шийдвэрлэсэн байгаа юм. Тэгэхээр асуудал нь хаана байна вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24-өөс 27 дугаар зүйл, мөн хуулийн 73-аас 81 дүгээр зүйлд төлөвлөлт гэсэн эрх зүйн зохицуулалт, оролцоог нь сонсох төлөвлөлт гэсэн ийм 2 ажиллагаа жигд явах ёстой. Захиргааны байгууллага сонсох оролцоог нь хангах гэдэг хэсгийг бол тодорхой хэмжээнд хийж байгаа. Хуулийн 73-аас 81 дээр байгаа төлөвлөлт гэдэг хэсгийг ерөөсөө огт үйл ажиллагаандаа хэрэглэхгүй, ашиглахгүй байна. Тэгэхээр тэрийг хэрвээ ашиглачихсан, анхнаасаа төлөвлөлт хийгээд эрх нь хөндөгдөх этгээдүүдийг тодорхойлоод, тэд нартайгаа уулзалтаа зохион байгуулаад ийм нөхцөл байдал байна, та нарт ийм нөхөн олговор олгох нь гээд, тэрхүү арга замыг сонгоод явсан бол тухайн үйл ажиллагаа ингэж ийм түвшинд хүрэхгүй, шүүхээр явахгүй, цаг зав гарздахгүй байсан. Гол санаа нь эрх зүйн орчноо сайн ашиглах хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ нийгмийн зайлшгүй хэрэгцээнд арай өөр онцлог байгаа. Яагаад нийгмийн зайлшгүй хэрэгцээ байгаад байна гэхээр, яагаад энэ онцлог, өөр төрлийн харилцаа вэ гэхээр миний хашаа байшинг нийтийн сайн сайхны төлөө хүчээр булаан авахтай холбогдон үүсэж, миний эрхийг хязгаарлаж байгаа харилцаа байхгүй юу. Тэгэхээр энэ харилцаа өөрөө заавал хуулиар зохицуулагдах ёстой. Саяхныг хүртэл манайх яг энэ харилцааг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн ингэж ингэж явна аа гэсэн тухайлсан тодорхой хууль байсангүй. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг нь энийг хэлэх юм аа, яг энэ энэ тохиолдолд авах эрх зүйн зохицуулалт нь байхгүй байж байгаад сая хэлсэнчлэн 2020 оноос хойш Газрын багц хуулийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх хуулийн төсөл байсан юм. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хууль дээр 11 дүгээр зүйлд нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөл гээд ороод ирж байгаа юм. Нөгөө Үндсэн хуулиас эх авсан Үндсэн хуульд тусгагдсан тухайлсан органик хуулиар зохицуулагдах ёстой харилцаанд ингээд ороод ирж байгаа юм. Тэгтэл хамгийн чухал харилцаа буюу газар чөлөөлөлт нь яаж явах юм, ямар шийдвэр гаргах юм, 10 хоногийн дотор мэдэгдэх юм уу, 50 хоногийн дотор мэдэгдэх юм уу, иргэдэд хурлын зарыг 10 хоногийн өмнө мэдэгдэх юм уу, иргэд хуралдаа ирээгүй бол яах юм, иргэдэд хурал болохоос өмнө ямар баримт бичгийг өгөх ёстой юм, тэр нь шинжлэх ухааны үг хэллэггүй, ойлгоход хялбар байх ёстой юм уу, тэр бүх нарийвчилсан харилцааг нь журамлана гээд орхичихсон. Тэгэхээр нөгөө Үндсэн хуулиас эх авсан, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хязгаарлах гэж байгаа харилцааг би бол хувьдаа огт журмаар зохицуулж болохгүй гэж үздэг. Энэ бол тухайлсан хуулиар зохицуулагдах ёстой. Тэгэхээр энэ мэтчилэн эрх зүйн хувьд хүндрэлтэй, шийдвэрлэх, анхаарах шаардлагатай асуудлууд байна.
Хөтлөгч: Үүн дээр судлаач нар маань нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд анхаарах өөр ямар асуудлууд байгааг нэмээд хэлбэл?
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: Тийм. Эхлээд газар чөлөөлөх гэдэг юмаа нэг товчхон тайлбарлачихъя гэж бодлоо. Нийгэмд тулгарч байгаа ийм асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал Улаанбаатар хотод хэрвээ түгжрэл байгаа бол түүнийг шийдэхийн тулд зам өргөсгөж барих ч юм уу, шинээр зам барих, утаа байвал гэр хорооллыг орон сууцжуулах гээд нийгмийн тулгачихсан хэрэгцээг шийдвэрлэх шаардлага төрд тулгардаг. Нөгөө талаараа улс орны хөгжлийн хэтийн төлөвт маш чухал ач холбогдолтой том том үйлдвэрүүдийг байгуулах асуудлууд яригдаж байна. Гэтэл энэ хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэрвээ хоосон газар байхгүй тохиолдолд дээр нь өмнө нь болон одоо амьдарч байгаа, оршин сууж байгаа, газар эзэмшиж байгаа хүмүүс эсвэл нөгөө нэг бизнес хийж байгаа компаниудаас төр өөрөө газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлж авах ийм харилцаа үүсэж байгаа юм тийм ээ? Энэ харилцаа нь нөгөө хүний эрхийн талаасаа одоо зөв зохицуулагдаж явахгүй бол өнөөдрийн энэ бид нарын яриад байгаа маш олон улбаатай асуудлууд үүсэж байна. Тэгээд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт чинь угаасаа хүний үндсэн хууль, бусад олон улсын бүх гэрээнүүдээр хамгаалагдсан салгаж болшгүй, өмчлөх эрхтэй холбоотой эрх. Орон байртай байх, газартай байх гэдэг бол тухайн хүний хувьд бүх л амьдрал нь. Тэгээд байгаа газартаа ойрхон сургууль, эмнэлгийн үйлчилгээ авчихдаг. Зөвхөн тэр өмчлөх эрхтэй холбоотой биш. Гэр нь хол нүүчих юм бол ажилдаа ирж очих цаг, ажлаа бүр өөрчлөх үү яах вэ гээд олон үргэлжилсэн харилцаанууд явж байдаг учраас энэ асуудалд олон улсын хүний эрхийн байгууллагууд одоо бараг 20 гаруй жилийн турш анхаарал хандуулж байна. Тэгээд НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо болон бусад маш олон байгууллагуудаас Засгийн газруудад хандсан. Одоо иймэрхүү чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг зөрчихгүй байхын тулд хууль тогтоомжоо нэг ийм шаардлагад нийцүүлээч ээ гэсэн дүгнэлт, зөвлөмжүүд, стандартууд маш их байна. Тэгээд Олон Улсын стандартуудыг Монголын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд суулгаад үзэхээр нийцэхгүй юмнууд асар их гараад байна. Тэгээд тэд нар юу санал болгож байна вэ гэхээр юуны өмнө газар чөлөөлөх асуудал гэдэг бол өөр ямар ч хувилбар байхгүй тохиолдолд хамгийн сүүлийн арга болгож авч хэрэгжүүлэх арга хэмжээ байх ёстой. Үүний тулд өөр хувилбаруудыг дандаа судалж үзэх ёстой. Яг тухайн төсөл маань өөрөө энэ цаг хугацаанд яг энэ газар дээр яг одоо хэрэгжих нэн яаралтай хэрэгцээ байна уу гэдэг судалгаа шинжилгээ олон янзын аргачлалаар манай судлаачдын харьцуулсан судалгаан дээр бол гарч байгаа юм. Шалгууруудаар үнэлээд яг зайлшгүй газар чөлөөлнө, за хамгийн сүүлд энийг л хэрэгжүүлэхгүй бол одоо энэ газрыг ингэж л авахгүй бол болохгүй гэдэг шийдэлд хүрсэн тохиолдолд хүнийг хохироож болохгүй гэдэг ийм үндэслэл л явах юм байна. Хохироож болохгүй. Одоо нөхөн төлбөр олгоод олгоод хүний нийгмийн болоод эдийн засгийн бүх эрхийг бүрэн төгсөөр сэргээж ч юм уу дордуулахгүй байх боломж бол байхгүй ээ. Ямар нэгэн өөрчлөлт хүний амьдралд орж байгаа л бол тэнд бас нэг ужиг нөлөө үлдэж байгаа. Тэгтэл ингэсэн ч гэсэн хэзээ ч зөрчиж болохгүй эрх нь юу вэ гэхээр хүний орон байртай байх, төр ямар ч чухал хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ гэсэн иргэдийг орон байраа алдахаас хамгаалуулах эрх зүйн баталгааг бий болгох ёстой. Энэ нарийн шаардлагуудыг олон улсын байгууллагуудаас тавиад байдаг. Тэгээд энэ бүхэн Монголд яг төдийлөн сайн хэрэгжиж чадахгүй байна. Үүний гол гогцоог өнөөдөр хэлэлцэхэд хохирсон хүмүүс, хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэхэд оролцож байгаа үнэлгээний компаниуд орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа барилгын компаниуд хүртэл ирээд олон талаас ингээд ярьж байгаа юм. Энэ бүхний учиг нь, , шийдэл ч юм уу хүний эрхийн зөрчил гараад байгаа шалтгаан нь юун дээр байна вэ гэхээр Р.Лхагвабаяр судлаачийн яриад байгаа тухайн төлөвлөлтийг хийхэд, хөгжлийн төсөл хөтөлбөрийг хийхэд бүр эхнээс нь хамгийн эхэн шатнаас нь тэнд өртөх гэж байгаа бүх талуудыг бодитойгоор, мэдээлэлтэйгээр оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх сстой гэж үзэж байна. Энэхүү оролцоо байхгүй учраас хүмүүс айдастай байна. Хэрвээ одоо барилгын компаниуд ч юм уу эсвэл үнэлгээний компаниудад бас зовлон байдаг юм байна. Зөвхөн иргэд бас хохироогүй. Тэд ч гэсэн бас нөгөө бизнесээрээ, эрх ашгаараа хохироод явж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ гэхээр хүмүүс хуульд заасан аргачлалын дагуу эд хөрөнгийг нь үнэлээд нөхөн олговор олгох гэхлээр илүү их мөнгө хүсээд байна. Тэр хүмүүсийг чинь яах юм тэрнээс чинь болоод ажил удаашраад байна шүү дээ гээд. Ийм асуудлууд үүсдэг юм байна. Гэтэл хүмүүс айдастай байна. Яг одоо энэ ямар одоо бүтээн байгуулалт миний газар дээр явагдаад, би хэчнээн хэмжээний нөхөн олговор аваад магадгүй орон сууцаар солино гэсэн бол нөгөө байшин нь яг хэзээ баригдаад би амьдрах орон гэртэй болох вэ гэдэг баталгаатайтай мэдээлэл, итгэл найдвар иргэдэд төрөхгүй болохоор айдас болгоомжлолын үндсэн дээр тохиролцоо удаашрах нөхцөл байдлууд гардаг юм байна. Энэ бүхний шийдэл нь нөгөө цогцоор нь төлөвлөх, эхнээс нь бүх холбогдох талуудыг оролцуулах хэрэгтэй гэж харж байна.
Хөтлөгч: За баярлалаа. Тэгэхээр судлаачдаасаа асууя. Ер нь дэлхийн бусад улс орнуудад газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж ирсэн сайн туршлагаас яривал? Монгол Улсад аваад, хэрэгжүүлээд явах ямар боломжууд байна вэ?
Судлаач Г.Уянга: За миний зүгээс Япон улсын туршлагыг яримаар санагдаж байна. Япон улсын хувьд нийгмийн зайлшгүй хэрэгцээг эхлээд тогтоохын тулд тухайн төсөл хэрэгжүүлэгч маань тухайн газар чөлөөлөлтөд өртөгдөж байгаа иргэдэд ямар төслийг хэрэгжүүлэх гээд байгаагаа урьдчилан тайлбарлах уулзалт хийгээд, тухайн төслийнхөө бүх л төлөвлөгөөг танилцуулдаг. Үүний дараа яг тухайн үйл ажиллагааг хийх зөвшөөрөл олгож байгаа Зам тээврийн сайдад хандаад, за манайх нийтийн ашиг сонирхлыг сайжруулах ийм төсөл хийх гэж байна аа, энэ төсөл маань энд амьдарч байгаа иргэдийн сайн сайхан байдлыг энэ түвшинд хүртэл нь сайжруулна аа гэдгийг 1 дүгээрт судалгаагаар нотлоод, дээрээс нь тэр газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг явуулахад тэнд эрх нь зөрчигдөөд байгаа, тухайн бүтээн байгуулалт явагдаж байх үед өөр газар руу шилжиж суурьших ёстой оршин суугчдад нөлөөлөл нь хамгийн бага байх тэр арга хэрэгсэл, тэр замуудаар үйл ажиллагаагаа явуулах нь хамгийн чухал байгаад байна. Одоо энэ төслөөс гарч байгаа үр ашиг нь харьцангуй их байгаа тохиолдолд л энэ үйл ажиллагааг зөвшөөрч байгаа.
Хуульч, судлаач Р.Лхагвабаяр: Тийм. Япон улсын хувьд бол сая хэлсэнчлэн Япон, Солонгос улс, ер нь манай Азийн орнуудад харьцангуй энэ газар чөлөөлөлтийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн чөлөөлөх энэ харилцаан дээр нэлээд сайн боловсронгуй эрх зүйн зохицуулалттай юм байна лээ. Жишээлбэл саяын хэлсэн дээр нэмээд хэлэхэд Япон Улс иргэддээ нөхөн олговор олгохдоо ямар боломжийг санал болгоод байна гэхээр ерөнхийдөө нэг нь та нэг бол одоо нөхөн олговроо бэлэн мөнгөөр авах боломжтой байна. Эс үгүй бол одоо байр орон сууцаар авч болж байна. За тэрнийхээ гэрчилгээг ч гэдэг юм уу батламжийг ч гэдэг юм уу авч болж байна. Гэрээний дагуу эсвэл тухайн газраасаа нүүх, за тэгээд нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа явагдах гээд. Тэгэхээр Япон улсын хувьд жишээлбэл манайд тооцохгүй байгаа юуг тооцож байна вэ гэхээр нөгөө бизнесийн ашиг орлого. Одоо жишээлбэл иргэн Лхагвабаяр Баянхошууны тойрог гэдэг газар дээр нэг жижигхэн хүнсний мухлаг ажиллуулдаг. Гэтэл яг тэр миний мухлагийн хэсэгт дэд бүтэц явна буюу миний мухлагийн доор цэвэр, бохир усны шугам явах гэж байгаа учраас би зайлшгүй чөлөөлөх шаардлага үүсэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол би сарын 250 мянган төгрөгийн жимс ногоо зардаг байсан бол манай өнөөгийн эрх зүйн орчинд бол хараахан тооцохгүй байгаа. Япон улсад жишээлбэл үүнийг тооцож байх жишээтэй. Тэр нь бодитоор ингэж, ингэж олгож өгдөг. Жишээлбэл орон сууцны тохиолдол ярилаа гэхэд би одоо нэг нийтийн байртай. Би тэр нийтийн байраа буцаах болонгуут миний нийтийн байранд 20 хүн амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр хүмүүст түрээсэлж байгаа орлого 1 дүгээрт, бүр цаана нь юу яригдаж байна гэхээр түрээсэлж байгаа хүний асуудал яригдаж байна гэнэ ээ. Бүр тэр хүний асуудлыг хүртэл авч үзнэ. Товчхондоо миний байранд сууж байгаа иргэн Лхам гэдэг хүн одоо Болд ч гэдэг юм уу тийм ээ, тэр хүмүүс өөр хаана очиж амьдрах юм, очих газаргүй болчих юм уу? Над шиг хямдхан түрээсийн байр, газаргүй болчих юм уу гээд тэр хүртэл асуудлуудыг авч үздэг. Ийм нарийн зохицуулалттай юм байна. Тэгэхээр бид нар бас яг энэ төрлийн эрх зүйн харилцаан дээр энэ мэтчилэн сайн хөгжсөн улсуудыг аваад судлаад үзвэл илүү дэвшилттэй байна гэж бодож байна.
Нэмээд хэлэхэд олон улсын байгууллагууд бас аягүй чухал оролцоотой юм байна. Манай энэ явж байгаа том том төслүүд ард нь юу байдаг юм гэхээр манай улс өөрөө тийм эдийн засаг томтой бас их мөнгөтэй улс биш учраас маш олон олон улсын байгууллагууд санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авдаг юм байна. Жишээлбэл одоо Дэлхийн банк, АХБ гээд Дарханы авто замын жишээн дээр аваад ярихад Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг чинь манай улсын ЗГ, Дэлхийн банк, АХБ гээд 2 том банкны санхүүжилтүүдээс тодорхой хувь нь бүрдсэн юм байна. Тэр байгууллагууд өөрсдөө нөгөө л зээл тусламж, томоохон төслийг санхүүжүүлэхдээ асар олон тийм шаардлага тавьдаг юм байна л даа. Тэр дунд нь чухал чухал юмнууд байна. Жишээлбэл Дэлхийн банкин дээр 10 төрлийн стандарт байгаа юм. Та хэд маань яг манайхаас одоо зээл авч төсөл хэрэгжүүлэхдээ ийм юмнуудыг хангах ёстой шүү гээд. Жишээлбэл тэр 10 стандартын 10 дахь стандарт нь юу юм гэхээр олон нийттэй харилцах төлөвлөгөө болон мэдээллийн ил тод байдал. Түүн дээр яах ёстой юм гэхээр за тэр Дарханы замыг барьж байгаа Лхагвабаярын компани жишээлбэл Борнуур сумд байгаа иргэдтэй, Борнуур сумын нөлөөлөлд өртөж байгаа 50 айлтай нэг жилийн турш яаж харилцах юм, сард нэг удаа уулзалт хийнэ, 7 хоног бүр цахим хуудсаар эсвэл утсаар мэдээлэл хүргүүлнэ, эсвэл шуудангаар хүргүүлнэ. За тэгээд нөлөөлөл ихэсч, шороо тоос ихэссэн үед одоо түр нүүлгэн шилжүүлэх юм уу гээд яг тухайлсан харилцах төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэх мэтчилэн заасан байгаа юм. Тэгэхээр бид нар бас яг үндэсний эрх зүйн тогтолцоонд байгаа эрх зүйн зохицуулалтыг сайн хэрэглэхээс гадна олон улсын байгууллагуудын шаардаж байгаа шаардлага, зохицуулалтуудыг маш сайн анхаарч хэрэглэх хэрэгтэй байна. Манай улсын тухайд бол яах вэ мэдээж зээлийг нь авч байгаа учраас тэрийг мөрдөж хэрэгжүүлж байна. Гэхдээ хэлбэр төдий байгаад байна. Яг утга төгөлдөр оролцоо утга төгөлдөр хэлэлцүүлэг гэдэг юм тийм ээ, meaningful participation, meaningful consultation гэдэг юм нь байхгүй орхигдоод байгаа юм байна лээ гэж харсан.
Хөтлөгч: За судлаач нартаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзталаа түр баяртай.
Төгсгөл: Хөгжим