Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ), Нээлттэй Нийгэм Форум хамтран “Нэмүү өртгийн эрэлд: Эрдэнэтэд зэс хайлуулах төслийн төсөв санхүү, байгаль орчны үр нөлөөг үнэлэх нь” тайланг иргэний нийгмийн байгууллага, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь болон тус хүрээлэнгийн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Золжаргал нарын боловсруулсан уг тайланд Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслийн санхүүгийн өгөөж, төсөвт үзүүлэх нөлөө, байгаль орчны эрсдэлийг шинжилж, хөрөнгө оруулалтын шийдвэрт харгалзах асуудлуудыг тодорхойлжээ.
Тайланд зэсийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх нь санхүүгийн өгөөж шууд нэмэгдэнэ гэсэн үг бус болохыг онцолжээ. Судалгааны суурь таамаглалын хүрээнд төсөв, санхүүгийн үр нөлөөг дараах гурван сценарын хүрээнд тооцоолсон байна. Үүнд “дан уурхай” буюу Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортолсон хэвээр байх, “бие даасан хайлуулах үйлдвэр” буюу тодорхой төлбөртэйгөөр зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах, “олборлох болон хайлуулах үйлдвэрийн цогцолбор” буюу Эрдэнэт үйлдвэр уурхай болон хайлуулах үйлдвэрийг хамтад нь эрхлэн ажиллах зэрэг хувилбар тус бүрийн төсөв, санхүүгийн нөлөөллийг үнэлж, зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахтай холбоотой гол эрсдэлүүдийг үнэлжээ.
Дан уурхайн хувилбарын хувьд төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ (ӨЦҮЦ)-ийг тооцоход 152.3 сая ам.доллар байгаа бол бие даасан хайлуулах үйлдвэрийн хувьд үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх боломжгүй буюу санхүүгийн мөнгөн урсгал нь сөрөг, ӨЦҮЦ нь ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Харин цогцолбор үйлдвэрийн хувьд төслийн борлуулалтын орлого өсөх боловч хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардал мөн нэмэгдэхээр байна. Ийнхүү уг хувилбар нь эдийн засгийн хувьд ашигтай боловч дан уурхайн хувилбартай харьцуулахад төслийн ӨЦҮЦ буурах магадлалтай байна. Тодруулбал, дан уурхайн хувилбарын 152.3 сая ам.доллартай харьцуулахад цолцолбор үйлдвэрийн төслийн ӨЦҮЦ 106.7 сая ам.доллар болж буурах таамаглал гарчээ.
Гэхдээ энэхүү үр дүнг дотоодын боловсруулах үйлдвэрлэл эдийн засгийн өргөн хүрээний үр өгөөжгүй гэсэн дүгнэлттэй адилтгаж болохгүйг тайланд тэмдэглэсэн байна. Ажлын байр, технологи дамжуулалт, үйлдвэрлэлийн төрөлжилт, ханган нийлүүлэлт, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөг санхүүгийн загварт бүрэн тусгаагүй тул эдгээр үр өгөөжийг тусад нь тодорхойлж, боломжтой тохиолдолд тоон үзүүлэлтээр үнэлэх шаардлагатай гэж үзжээ.
Тэрчлэн зэс хайлуулах үйлдвэрлэлийн байгаль орчны гол асуудал нь хүхрийн давхар ислийн ялгарлыг хянах, үйлдвэрлэх хүхрийн хүчлийг зохистой ашиглах явдал болохыг тайланд онцолжээ. Хүхрийн хүчлийг борлуулах найдвартай зах зээл, тээвэрлэлт, хадгалалт болон эрэлт буурсан үед хэрэгжүүлэх арга хэмжээг үйлдвэрийн төлөвлөлттэй хамтатган шийдвэрлэх шаардлагатай байна. Загварчлалаар хүхрийн хүчлийн борлуулалт нэмэгдэх нь төслийн өгөөж, төсвийн орлогод эергээр нөлөөлөх боловч үйлдвэрлэсэн хүхрийн хүчлийг бүхэлд нь борлуулсан ч цогцолбор хувилбарын санхүүгийн өгөөж баяжмал экспортлох хувилбараас давахгүй гэж тооцоолжээ. Иймд хүхрийн давхар ислийг өндөр түвшинд барих технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ ялгарлыг тасралтгүй хянах, аюултай дайвар бүтээгдэхүүнийг зохистой удирдах, байгаль орчны гүйцэтгэлийг олон нийтэд тогтмол тайлагнах тогтолцоо шаардлагатайг зөвлөсөн байна.
Тайлан боловсруулах үед төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бүрэн эх, хөрөнгө оруулалтын таамаглал, санхүүжилтийн зохицуулалт зэрэг мэдээлэл олон нийтэд бүрэн нээлттэй бус байгааг тэмдэглэжээ. Энэ нь хараат бус үнэлгээ хийх, орон нутгийн иргэд болон олон нийт мэдээлэлд үндэслэн хэлэлцүүлэг өрнүүлэх, шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих боломжийг хязгаарлаж байна.
Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит учраас томоохон хөрөнгө оруулалтын шийдвэр нь нийтийн хөрөнгийн зарцуулалт, төсвийн эрсдэлтэй шууд холбоотой. Иймээс хайлуулах үйлдвэрт оруулах хөрөнгийн хүлээгдэж буй өгөөжийг уурхайн өргөтгөл, хайгуул, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, боловсрол зэрэг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтын өгөөжтэй харьцуулан үнэлэхийг тайланд зөвлөв.
Судалгааны зөвлөмжид төслийн үндсэн баримт бичгийг ил тод болгох, үйлдвэрлэлийн болон бүс нутгийн хөгжлийн үр өгөөжийг бодитой үнэлэх, хүхрийн менежментийг төлөвлөлтийн гол асуудал болгох, олон нийт, иргэний нийгмийн хараат бус хяналт чухал болохыг онцолсон байна. Мөн зэсийн үнэ, боловсруулах төлбөр, хүхрийн хүчлийн зах зээл зэрэг нөхцөл өөрчлөгдөхөд төслийн эдийн засгийн тооцоог тогтмол шинэчилж байх шаардлагатай гэж үзжээ.
Зэс боловсруулах үйлдвэрлэлийн шийдвэрийг зөвхөн нэмүү өртөг шингээх хүлээлтэд тулгуурлах бус, санхүү, төсөв, байгаль орчин, аж үйлдвэрийн хөгжил болон засаглалын хүчин зүйлсийг цогцоор нь үнэлж, олон нийтийг бодит мэдээллээр хангаж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн гаргах нь тайлангийн үндсэн зөвлөмж юм.
Тус тайлангийн монгол хэл дээрх хувилбартай танилцана уу.


