Өмнөх онуудад хийгдсэн үйл ажиллагаатай энд дарж танилцана уу.

A- A A+
Өмнөх онуудад хийгдсэн үйл ажиллагаатай энд дарж танилцана уу.

Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжид шүүхийн хараат бус бие даасан байдлыг баталгаажуулсан хэдий ч олон нийтийн зүгээс шүүхэд үл итгэх явдал улам бүр газар авч буй нь Траспаренси Интернэшнл, Сант Марал сан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагын хийсэн олон нийтийн санал бодлын судалгаануудаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн 2008 оны “Долдугаар сарын 1”-ний хэргийн шүүх хуралдааны явц шүүхийн хараат бус байдал алдагдаж, хүний эрхийн суурь зарчмууд зөрчигдөж буйн сүүлийн үеийн нэн бодит илрэл боллоо.

Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах нь дан ганц шүүх эрх мэдлийн хүрээний  хэрэг бус,  Монгол Улсын хөгжил, дэвшил, ардчилсан шилжилтийн түлхүүр асуудал  учраас олон нийт, иргэний нийгмийн байгууллага, иргэн бүрийн оролцоо, хяналт нэн чухал. Энэхүү оролцоог хангах зорилгоор  Нээлттэй Нийгэм Форум энэхүү сэдэвт хөтөлбөрийг санаачлан дараахь чиглэлээр үлй ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  1. ННФ-ын Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бодлогын судалгааг МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн профессор, доктор Н. Лүндэндоржийн удирдсан баг хийж гүйцэтгэлээ.. Судалгаа нь шүүхийн хараат бус байдлыг шүүгчийн хараат бус байдалтай холбон шүүхийн тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд өргөн хэмжээний дүн шинжилгээ хийж бодлогын зөвлөмж боловсруулсан болно. 
  2. Шүүхийн шинэтгэлийн үйл явцад бүрэн хэмжээний үнэлгээ хийх суурь судалгааг ШУА-ийн Философи, Эрхийн Хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Амарсанаагаар ахлуулсан баг хийж гүйцэтгэлээ. Шүүхийн шинэтгэлийн үйл явцыг бүрэн хэмжээнд түүхчлэн харуулж, холбогдох дүн шинжилгээг хийсэнд энэхүү судалгааны ач холбогдол оршино.
  3. Шүүхийн ажиглалт төслийн хүрээнд төрийн бус байгууллага, хууль зүйн клиник төвүүдтэй хамтран шүүх хуралдаан хуулиар хориглосноос бусад тохиолдолд олон нийтэд нээлттэй байгаа болон шударга шүүхийн стандартуудыг даган мөрдөж буй эсэхэд ажиглалт хийх болж төслийн багийг шалгаруулаад байна. Польшийн Хүний эрхийн Хельсинки Сангийн зөвлөх Лукаш Боярскийн тусламжтайгаар ажиглалт хийх арга зүй боловсруулж  бэлтгэл ажил үндсэндээ  хангагдлаа.
  4. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой “Шүүх хуралдаан дахь иргэдийн төлөөлөгчдийн оролцоо”-нд Хууль- Хүний эрх төв ННФ-ын тэтгэлэгээр мониторинг хийж байна.

Цаашид шүүхийн шинэтгэлд холбогдох талуудын оролцоо, дуу хоолойг хангахад чиглэсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулах, шүүхийн ил  тод байдлыг хангах үүднээс ажиглалт, мониторингийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.