Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын “Санхүүжилтийн өдөр”-ийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цөлжилт–Санхүүжилт–Хариуцлага” хэлэлцүүлгийг 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Нээлттэй Нийгэм Форум, Монголын Эмнести Интернэшнл, Оюу толгойн хяналт ТББ, Хүний эрх хөгжил төв ТББ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр цөлжилт, газрын доройтол, олборлох үйлдвэрлэл, хөгжлийн санхүүжилт, хүний эрхийн харилцан хамаарлыг авч үзэж, орон нутгийн иргэдийн эрх, амьжиргааг хамгаалсан ногоон шилжилтийг хэрэгжүүлэхэд анхаарах бодлогын асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийг Монголын Эмнести Интернэшнлийн кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа чиглүүлж, Irooa Madagascar байгууллагын гүйцэтгэх захирал Баркат Вин Саида Матазаки, Хүний эрх хөгжил төв ТББ-ын тэргүүн Г.Уранцоож, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, Уур амьсгал, хөгжлийн санхүүжилтийн хуульч З.Солонго нар илтгэл тавьж, байр сууриа хуваалцлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол дэлхийн хэмжээнд харилцан уялдсан хямрал болоод байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор литий, зэс, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт эрчимтэй нэмэгдэж буй нь говь, цөлийн эмзэг экосистем, усны нөөц болон орон нутгийн иргэдийн амьжиргаа, эрхэд шинэ эрсдэл учруулж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Иймээс цөлжилтийг зөвхөн газрын доройтлын менежментийн асуудал гэж үзэх бус, олборлох үйлдвэрлэл, хөгжлийн санхүүжилт, хүний эрх болон шударга шилжилтийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид тэмдэглэлээ. Ялангуяа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулсан улс орнууд дасан зохицох болон нөхөн сэргээх санхүүжилтийг зээлээр авч, өрийн нэмэлт дарамтад орох нь шударга бус байгааг хөндөн ярилцав.

Түүнчлэн зохион байгуулагч байгууллагууд хэлэлцүүлгийн хүрээнд “Цөлжилт, шударга шилжилт, хариуцлагатай санхүүжилт ба хүний эрх” бодлогын үзэл баримтлалыг хамтран боловсруулж, UNCCD COP17-д хүргүүлж байна. Уг баримт бичигт дараах таван чиглэлийн зөвлөмжийг дэвшүүлжээ. Үүнд:
- Төсвийн хөрөнгийг говь, цөлийн бүсийн газрын доройтлыг нэмэгдүүлэх олборлох үйл ажиллагаанд зарцуулахгүй байх;
- Цөлжилттэй тэмцэх санхүүжилт нь хөгжиж буй орнуудад өрийн дарамт үүсгэхгүй байх;
- Цөлжилтөд нөлөөлж буй бизнесийн үйл ажиллагаа болон санхүүжилтэд хүний эрхийн магадлан шинжилгээ заавал хийхийг баталгаажуулах;
- Чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт татахын төлөө үндэсний хууль тогтоомж, байгаль орчин, хүний эрх, засаглалын стандартыг сулруулахгүй байх;
- Говь, цөлийн бүс дэх олборлох үйл ажиллагааны олон улсын удирдамжийн хэрэгжилтийг UNCCD-ийн PRAIS тайлагналын системээр тайлагнаж, хянадаг болох.
Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлснээр говь, цөлийн бүсийн газар, усны нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулж, цөлжилтийг өдөөж буй санхүүгийн урсгалыг цэгцлэхийн зэрэгцээ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буй юм.
Цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх болон чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах зорилтууд нь харилцан зөрчилдөх бус, бие биеэ дэмжих учиртай. Говь, цөлийн экосистем, усны нөөц, орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалахгүйгээр шударга шилжилтийг хэрэгжүүлэх боломжгүйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм.
“Цөлжилт, шударга шилжилт, хариуцлагатай санхүүжилт ба хүний эрх” бодлогын үзэл баримтлалтай хавсралтаас танилцана уу.


