Нээлттэй Нийгэм Форум, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Австралийн Үндэсний Их сургуулийн багш Бенжамин Райли уригдаж “Монгол улсын сонгуулийн тогтолцооны шинэтгэл ба олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьлаа. Илтгэл УИХ-д өргөн баригдаад буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр хувилбарын санал болгосон сонгуулийн тогтолцооны сайн, муу талууд, тогтолцооны шинэчлэл хийхэд эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөллийг хангах олон улсын арга туршлагаас хуваалцсан юм. Илтгэлийн дараа оролцогчид Проф. Райлид асуулт тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд оролцогчдын зүгээс УИХ-д суудалтай намууд сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудлыг нухацтай авч үзэж буйг сайшаагаад сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог дангаар нь ашиглах, олонхийн тогтолцоотой хослуулсан холимог тогтолцоо хэрэглэхийн аль нь давуу болох, Үндсэн хуульд заасан “саналаа шууд илэрхийлэх” гэсэн нь ямар утга агуулгатай болох, сонгуулийн энэ зарчмыг олон улсад хэрхэн ойлгож хэрэглэдэг, тойргийг хэрхэн шийдэх нь зөв зүйтэй болох, түүнчлэн манайд сонгуулийн үйл явцад томоохон саад болж буй сонгуулийн будлиан, зөрчлөөс сэргийлэхэд аль тогтолцоо нь илүү зөв хөшүүрэг болох тухай олон талаас санал шүүмж өрнүүлэн хэлэлцлээ.