Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдлыг хангах чиглэлээр 2008 онд явуулсан олон талт үйл ажиллагааны нэг чухал үр дүн бол сонгуулийг шударга зохион байгуулах асуудлаар олон талт хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой санал зөвлөмж гаргасан явдал орно. Энэхүү зөвлөмжийн зарим санал УИХ-ын сонгуулийн тухай хууль болон сонгуулийг зохион байгуулахтай холбоотой Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан журамд тусгалаа олсон юм. Тухайлбал сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тод болгох тухай заалт шинээр хуулинд орсон бөгөөд 2008 оны УИХ-ын сонгуулиар анх удаа сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс гурван сарын өмнө интернэтэд байрлуулж, хуулбарыг улс төрийн нам хүчнүүдэд олгон хянах боломжоор хангасан нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахад чиглэсэн чухал алхам болсон юм.
УИХ-ын сонгуулийн үйл явцад төрийн бус байгууллагуудын хяналт тавих, мониторинг хийх чадавхийг нэмэгдүүлэх үүднээс сонгуулийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сард “Ардчилсан сонгууль: иргэний нийгмийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Дорно Дорно хөтөлбөрийн дэмжлэгтэй зохион байгууллаа. Хот, хөдөөгийн иргэний нийгмийн байгууллагуудын 180 орчим төлөөлөгч оролцсон энэхүү хуралд гадаадын 15 орны 21 мэргэжилтэн уригдан ирж сонгуульд хяналт тавьдаг арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд Монголын төрийн бус байгууллагууд 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрхэн мониторинг хийх төлөвлөгөөгөө танилцуулж, арга зүйгээ толилуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүний үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл явцын шинэчлэлийн талаар олон улсын мэргэжилтнүүдээс суралцаж, сайн туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, судалгаанд үндэслэн асуудалд ул суурьтай, нэгдмэл байр сууринаас хандах нөхцөл бүрдсэн болно.
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд 2008 оны тавдугаар сарын 14-нд Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулах, иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилго бүхий “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа. Энэхүү сүлжээнд ННФ, Глоб Интернэшнл, Сонгогчдын Боловсрол Төв, Хүний Эрх Хөгжил төв, Филантропи Хөгжлийн Төлөө төв, Мидас зэрэг төрийн бус байгууллага нэгдсэн бөгөөд сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангах талаар Сонгуулийн Ерөнхий Хороотой /СЕХ/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт дурдснаар Сонгуулийн Ерөнхий хороо нь холбогдох мэдээллээр хангах, хяналт мониторинг хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар болсон бол “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний байгууллагууд нь тодорхой чиглэлээр мониторинг хийх болсон юм. Ийнхүү 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн кампанит ажил, хэвлэл мэдээлэл, сонгуулийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал, сонгогчдын нэрийн жагсаалтын аудит, саналын хуудастай холбоотой үйл явц гэсэн таван чиглэлээр мониторинг хийсэн бөгөөд үр дүнг нь www.sanal2008.mn вэб хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэлээ. Түүнчлэн сонгуулийн үеэр 1977 дугаартай шууд утас ажиллуулан иргэдээс сонгуулийн үйл явцтай холбоотой санал, мэдээлэл хүлээн авч СЕХ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад цаг тухайд нь уламжилж байсан болно.
Иргэний нийгмийн байгууллагууд өөрийн хомс нөөцөө бүрэн дүүрэн дайчилж СЕХ-той байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу хүлээсэн сонгуулийн үйл явцад хөндлөнгийн хяналт тавих үүргээ биелүүлсэн ч харамсалтай нь СЕХ эдгээр илэрсэн зөрчил дутагдлыг засах талаар ажиллах амлалтаа хөсөрдүүлсэн юм.
УИХ-аас Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан ННФ “Сонгуулийн үйл явцын эрх зүйн асуудал” сэдэвт иргэний нийгмийн форумыг 2008 оны 12 дугаар сарын 11-нд санаачлан зохион байгууллаа. Форумаар сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хуудасны нууцлал хамгаалалт, сонгуулийн маргааныг шийдвэрлэх үйл явц, сонгуулийн кампанит ажил, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хуулиар зохицуулсан байдлын дутагдалтай талуудыг шүүн хэлэлцэж, сонгуулийн үйл явцыг цаашид хэрхэн боловсронгуй болгож сайжруулбал зохих талаар зөвлөмж гаргасныг Форумын вэб порталд байрлуулан нийтээр хэлэлцүүлж байна.
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн мониторингийн зарим үр дүн Сонгуулийг цэвэр шударга зохион байгуулах нөхцлийг хангахад сонгогчдын нэрийн жагсаалтыг баталгаатай, үнэн зөв гаргах нь туйлын чухал. 2008 оны УИХ-ын сонгуулиар жишээ болгон авч үзэхэд энэ нөхцөл тэр бүр хангагдаж чадахгүй байгаа нь тодорхой харагдлаа. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв 2008 оны УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн хэмжээнд буюу нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн сонгогчдын нэрийн жагсаалтад хоёроос дээш хаягаар давхардан бүртгэгдсэн байсан иргэдийн хаягаар очин нэрийн жагсаалт дахь мэдээлэл үнэн зөв эсэхийг тулган хянах ажлыг хийсэн. Мониторингийн хүрээнд дээр дурдсан хоёр дүүргийн 30 хороонд нийт 47354 сонгогчийн бүртгэлд хаягийн тулгалт хийх ажлыг 2008 оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ийнхүү хянахад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин суудаг нийт 15411, тухайн хаяг дээр байхгүй нийт 17266 хүн байв. Эдгээр 17266 хүний бүртгэгдсэн хаяг дээрээ байхгүй байгаа шалтгааныг тодруулахад 25 нь нас барсан, 2961 хүн шилжсэн, 3222 хүн түр оршин суугч байгаад нүүсэн, 11003 хүн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа хаяг дээр огт оршин суудаггүй болон ийм хаяг огт байдаггүй нь илэрсэн. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин сууж буй 15411 хүний 11 нь насанд хүрээгүй хүүхэд, 424 нь гадаадад байгаа, 575 нь өөр хаягнаас сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн, 6 нь цэрэгт алба хааж байгаа, 2 хүн хорих ангид ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар сонгуульд оролцохгүй хүмүүс байлаа. Мониторингийн явцад 14677 хаягийг олоогүй буюу оршин суугчтай нь холбоо барьж чадаагүй ба нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хүн тодорхой хаяг дээрээ оршин суудаг эсэх мэдээллийг баталгаажуулах боломжгүй байсан. |