ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

A- A A+
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

ННФ Лондон дахь Хэвлэл Мэдээллийн Хэрэгслийн Сүлжээ хөтөлбөртэй хамтран Глоб Интернэшнл байгууллагын "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь" төслийг үргэлжлүүлэн дэмжиж, арга зүйн туслалцаа үзүүллээ. Энэ төслийн гол зорилго нь төрийн байгууллагаас аливаа мэдээллийг чөлөөтэй, ямар нэг хориг хяналтгүйгээр олж авах олон нийтийн эрхийн төлөө кампанит ажил өрнүүлж төрийн нээлттэй байдлыг бий болгоход оршиж байгаа юм. Түүнчлэн халдлага, дайралтад өртсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, эрхийг хамгаалах, өөрийн зохицуулалтын механизмыг хөхиүлэн дэмжих зорилт тавин ажиллаж байна.

Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчид элдэв дайралтад өртөх, тэднийг эх сурвалжаа илчлэхийг шаардах, мэдээлэл өгөхөөс татгалзах, тэр бүү хэл биеийн эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндийг нь хохироох зэрэг зөрчил илэрч байгаа нь Монголын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл амаргүй байгааг илтгэж байна. Төслийн хүрээнд 21 аймагт мониторинг хийж буй бөгөөд одоогийн байдлаар нийт таван мэдээлэл ирүүлснээс дөрөв нь орон нутгийн сонгуулийн үеэрх захиалгат материалтай холбоотой мэдээлэл байснаас нэг нь одоогийн байдлаар шүүхийн шатанд байна. Тавдахь зөрчлийн талаарх мэдээлэл нь МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар радио, телевизийн өмчлөлийн асуудлыг дахин хянаж үзэхээр гаргасан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр юм. Уг шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж хэвлэл мэдээллийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад болж байгаа ажээ. Энэ мэдээллийн мөрөөр хуульч ажиллаж байна.

Түүнчлэн төслийн хүрээнд сэтгүүлчдэд ганцаарчилсан болон он-лайн хэлбэрээр эрх зүйн зөвлөгөө өгч байна. Одоогийн байдлаар хоёр сэтгүүлч электрон хэлбэрийн зөвлөгөө авсан нь хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудал байжээ.

2007 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны судалгааг Монгол Улсын хэмжээнд хийж байна. Вэб сайт болон сар тутмын он-лайн сонин бичгийг сар тутам гаргаж, E-Marketer компанитай гэрээ байгуулан нийт 500 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад түгээж байна. “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” гарын авлагыг хэвлэлд бэлтгэж байна.

2008 оны Долдугаар сарын 01-нд Улаанбаатар хотод олон нийтийг хамарсан томоохон жагсаал цуглааны улмаас дөрвөн хоногийн хугацаатай "Онц байдал"-ыг Ерөнхийлөгчийн зарлигаар зарласан бөгөөд энэ үеэр МҮОНТВ-ээс бусад телевизүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ. Энэ өдрүүдэд олон нийтэд мэдээлэл түгээх хамгийн хүртээмжтэй, хүчтэй хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байсан болно. Иймд Онц байдлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа МҮОНТ хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгаж ажилласан, нөхцөл байдалд яаж хандсан зэрэгт ННФ мониторинг хийлгэхээр болж Глоб Интернэйшнл ТББ-д зохих дэмжлэгийг үзүүллээ. Долдугаар сарын 1-9-ны хооронд явуулсан 11 телевизийн нэвтрүүлгүүд болон өдөр тутмын дөрвөн сонины мэдээллийг нягтлан судалж үйл явдлын хронологи, мэдээллийн олон талт байдал зэрэгт дүн шинжилгээ хийсэн мониторингийн тайлан эхний байдлаар бэлэн болоод байна.

“Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам” судалгааны ажил хийгдэж сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Судлаач Ч. Базар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон нийтийн эрх ашгийн үүднээс төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих мониторингийн арга хэрэгсэл хэмээн тодорхойлоод энэ чухал салбарыг Монголд хөгжүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн зарим заалтыг хүчингүй болгохын зэрэгцээ редакцийн хараат бус байдал, сэтгүүлчдийн итгэл үнэмшил, ур чадварыг бэхжүүлэх шаардлагатай байгааг бодлогын судалгааны тайландаа дүгнэжээ. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд судлаач бусад орны туршлагыг судалсны үндсэн дээр сэтгүүлчдийн өөсрдийн үүсгэл санаачилгад түшиглэсэн хараат бус бүтэц бий болгож, хөндлөнгийн санхүүжилт, бие даасан бодлогоор ажиллахыг санал болгожээ.