Төсвийн асуудлаарх иргэний нийгмийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд сонирхож, хэрэгжүүлж байсан 13 төрийн бус байгууллага 2008 онд нэгдэн “Иргэд төсвөө хянана” нэртэй сүлжээг байгуулан ажиллахаар болж есдүгээр сарын 4-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг сүлжээ нь төсвийн тухай мэдээллийг нээлттэй, ил тод болгох, төсвийн үйл явцад идэвхтэй оролцох, төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих чиглэлээр ажиллах бөгөөд сүлжээний зохицуулагчаар эхний удаа Нээлттэй Нийгэм Форум ажиллаж байна.
Сүлжээний хүрээнд хийгдсэн эхний ажил бол иргэний нийгэм болон олон нийтэд зориулсан төсвийн тухай иж бүрэн мэдээлэл бүхий бол www.tusuv.mn вэб хуудас юм. Энэхүү вэб хуудсанд төсвийн хууль тогтоомж, тоон мэдээлэл, төлөвлөгөө, тайлан зэрэг эх сурвалж материал тавигдсанаас гадна иргэний нийгмийн байгууллагуудын Монгол болон бусад улсад хэрэгжүүлж байгаа төслүүд, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн гарын авлага, арга зүйн мэдээлэл орсон ба иргэд санал бодлоо илэрхийлэх бүрэн бололцоотой байх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын бүх дүүрэг, Өвөрхангай аймгийн төсвийг хэлэлцэн батлах үйл явцад 2008 оны 12 дугаар сард мониторинг хийлээ. Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийг хэлэлцэн батлах хуралдаанд сүлжээний гишүүн байгууллагууд ажиглагчийн байр сууринаас оролцож, төсөвтэй холбоотой мэдээлэл цуглуулсан ба мониторингийн дүнг олон нийтэд 2009 оны эхний улиралд багтаан танилцуулж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлох юм.
Нээлттэй Нийгэм Форумын тэтгэлгээр 2008 онд хэд хэдэн төрийн бус байгууллага төсвийн ил тод байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий жижиг төслүүдийг хэрэгжүүллээ. Тухайлбал, Орон Нутгийн Удирдлагын Хөгжлийн Сан Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануурт “Шилэн түрийвч” нэртэй аянг дүүргийн захиргаатай хамтран өрнүүлэв. Уг аяны хүрээнд төсвийн ихэнх байгууллагууд төсвийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, төсвийн хэмжээ, төсвийн зарцуулалт зэрэгт холбогдох иж бүрэн мэдээллийг сонирхогч иргэдэд хүргэхэд нь төслийн багийнхан арга зүйн дэмжлэг үзүүлсэн ба төрийн байгууллагууд, иргэдийн оролцоотой хэд хэдэн хэлэлцүүлгийг явуулсан юм. Энэ бүхний үр дүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах, ил тод байдлыг хангахад чиглэсэн журам гаргасан нь чухал алхам боллоо. Түүнчлэн “Шилэн түрүүвч” төслийг бусад орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. Тус нийгэмлэгийн түнш цэцэрлэгүүдийн захирал, багш нартай уулзалт хийж, Багануур дүүргийн туршлага, төсвийн зарцуулалтын судалгааны арга зүйг танилцуулан, төсвийн ил тод байдлын асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Улмаар цэцэрлэгүүдийн удирдлага 2009 оны төсвөө эцэг эх, орон нутгийн иргэдэд тайлбарлах анхны уулзалтаа тухайн орон нутагтаа хийж, цаашид боловсролын төсвийн ил тод байдлыг дэмжих сүлжээ болж ажиллахаар тогтсон бөгөөд ННФ төсвийн дүн шинжилгээний чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сургалт, гарын авлагаар хангах үүрэг хүлээлээ.
Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр Дархан хотын Хөдөөгийн Эмэгтэйчүүдийн Хөгжил Сан ТББ хотын орон нутгийн хөгжлийн санд мониторинг хийж, иргэдийн оролцоотой цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь тус сангийн тухай мэдээллийг иргэдэд хүргэх, санг ашиглахтай холбоотой санал, шүүмжийг аймгийн удирдлагуудад дамжуулах хоёр талтай арга хэмжээ болсон байна.
Иргэний нийгмийн байгууллагуудын төсвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадавхийг бэхжүүлэх талаар Нээлттэй Нийгэм Форум 2008 онд нэлээд ажил төлөвлөн хэрэгжүүлэв. Тухайлбал мониторингийн төслийн хүрээнд долоон төслийг шалгаруулан эхлүүлэв. Олон Улсын Төсвийн Төсөл байгууллагаас эрхлэн гаргасан төсвийн зарцуулалтад мониторинг хийх тухай гарын авлагыг монгол хэлнээ хөрвүүлж хэвлэлээ. Өмнөх онуудад төсвийн мониторинг хийсэн байгууллагуудыг бусад төрийн бус байгууллагад танилцуулан туршлага солилцох уулзалт зохион байгууллаа. “Иргэд төсвөө хянана” сүлжээний байгууллагуудад зориулан “Төсвийн тухай ойлголт, хяналт тавих боломж” сэдэвт сургалтыг Удирдлагын академийн багшийн удирдлага дор явуулав. Орон Нутгийн Засаг Захиргааны Санаачилга байгууллагаас Украин улсад зохион байгуулсан “Төсвийн зарцуулалтад орон нутгийн аудитын байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын туршлага солилцох сургалтад төрийн бус байгууллагуудыг оролцууллаа. Түүнчлэн төсвийн чиглэлээр мониторинг хийхэд анхаарах зүйлсийн талаарх богино хэмжээний сургалтыг хоёр удаа зохион байгуулав.
Энэ бүх системтэй үйл ажиллагааны үр дүнд иргэд шийдвэр гаргах шатанд орон нутгийн болон төв Засгийн газартай хамтран ажиллах төдийгүй төсвийн мэдээлэл, ойлголтыг иргэдэд өгснөөр төрийн байгууллагууд тэдний өмнө хариуцлага хүлээгээд зогсохгүй бодлогоо хэрэгжүүлэхдээ иргэдийн ойлголцол, дэмжлэгийг авах бүрэн боломж байгааг харуулсан гэж үзэж байна.
Түүнчлэн ННФ Монгол Улсын боловсролын салбарын төсвийн үйл явцад гарч буй өөрчлөлт шинэчлэлийг нягтлан тоймлох ажлыг ЮНЕСКО-ийн хүсэлтээр хийж гүйцэтгэлээ. Боловсролын салбар нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр дунд хугацааны буюу “гурван жилийн шилжих зарлагын хүрээ” хэмээх аргачлалд шилжиж байгаа юм. Тойм судалгааны явцад дээрх аргачлал нь тус салбарын стратеги, төлөвлөгөөг төсвийн хуваарилалт, улс орны макро-эдийн засгийн чадавхитай нийцүүлэн уялдуулах боломжийг олгож байгаа давуу талтай хэдий ч төлөвлөх, төсөвлөх, зарлагыг хянах үүрэгтэй яам, агентлагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг илрүүлсэн байна.