Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага
-------------------------------------------------------------------------------------------------------

2010 оны хувьд Монгол Улсын нэгдэн орж, хэрэгжүүлж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хувьд бодит ахиц дэвшил гарсан жил байлаа. Энэ онд 2008 оны санхүүгийн жилийг хамарсан Монгол Улсын ОҮИТБС-ын гуравдахь удаагийн тайлан гарсан төдийгүй  ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа Монголын байдалд олон улсын хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, олон улсын зөвлөлд дүнг нь танилцуулснаар Монгол Улсыг ОҮИТБС-ыг бүрэн хэрэгжүүлэгч дөрөв дэх улс орноор 2010 оны 10 дугаар сард тус зөвлөлөөс зарласан болно.

 ННФ ОҮИТБС-ыг дэмжих олон улсын болон дотоодын бүх бүтцэд анхнаас нь орж ажиллан хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Тухайлбал, ОҮИТБС-ын Олон улсын зөвлөлд ННФ-ын менежер сонгогдон хоёрдахь жилдээ уг санаачилгыг олон улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцон ажиллаж байна. Дотоодод ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцож ирлээ. Түүнчлэн ОҮИТБС-ын хэрэгжилтийг хангахад оролцогч бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Төлсөн Авснаа Нийтэл” иргэний нийгмийн эвслийн хүрээнд ажиллаж, уг эвслийн зохицуулагчийн үүргийг хоёрдахь жилдээ амжилттай гүйцэтгэлээ.

ОҮИТБС-ын ээлжит буюу гуравдахь тайлан 2008 оны санхүүгийн жилийг хамарсан ба өмнөх жилүүдтэй харьцуулахад хамрах компанийн тоо өсч, нийт 180 гаруй компанийн тайланг Засгийн газрын зүгээс гаргаснаас хамгийн их төлбөр төлсөн 46 компанийг сонгон авч, Их Британийн Харт Нөрс, Улаанбаатар Аудит компанийн консорциум эдгээр компанийн тайлан нэгтгэлийг хийж, бие даасан дүгнэлтээ гаргасан юм. Уг тайлангаар компаниуд, Засгийн газрын гаргасан тайлангуудын зөрүү дүн буурсан нь тайлан дахь мэдээллийн чанар дээшилсэн болон нэгтгэлийг хийгч аудиторууд зөрүүг тайлбарлах тал дээр илүү үр дүнтэй ажилласантай холбоотой байв.  ННФ-ын төлөөлөгчид уг тайланг гаргах үйл ажиллагаанд, тухайлбал аудиторыг сонгон шалгаруулах, урьдчилсан тайланг хэлэлцэх зэрэгт бүтээлчээр оролцлоо.

ОҮИТБС-ын тайланг гаргах маягтуудыг шинэчлэх, үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөөс хариуцах, компаниудад болон олон нийтэд ОҮИТБС-ын үйл ажиллагааг сурталчлах ажлыг гүйцэтгэлээ. 2010 оны санхүүгийн жилийг хамрах ОҮИТБС-ын тайланд аудит хийх зардлыг 2011 оны улсын төсөвт багтаан батлах талаар ННФ тодорхой үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрлээ. ОҮИТБС-ыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх төр засаг, компани, иргэдийн оролцоот ажлын хэсгүүдийг албан ёсоор байгуулахад ННФ арга зүйн дэмжлэг үзүүллээ. Уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн төвлөрсөн эдгээр сумдад ОҮИТБС-ын тайлан гаргах ажил 2010 онд эхэллээ. 

ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч төрийн бус байгууллагуудын эвсэл болох “Төлсөн Авснаа Нийтэл” эсвлийн үйл ажиллагаанд ННФ дэмжлэг үзүүлж, 2010 онд үйл ажиллагааг нь зохицууллаа. Тус эвслийн гишүүдэд ОҮИТБС болон уул уурхайн бодлогын асуудлаар байнгын мэдээлэл өгөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл болон Ажлын албаны хүрээнд хамтран ажиллахаас гадна Кавказ, Төв Азийн бүсийн төрийн бус байгууллагуудын сүлжээний уулзалтад оролцуулж туршлага солилцоход дэмжлэг үзүүллээ.

Монгол Улс ОҮИТБС-ын шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлж буй улс орноор шалгарснаар олон улсын зүгээс тус санаачилгыг хэрэгжүүлсэн туршлагыг сонирхох нь нэмэгдлээ. ННФ Киргиз улсын иргэний нийгмийнхэн ба Киргизийн ОҮИТБС-ын ажлын албаныхан, мөн Афганистан улсын ОҮИТБС-ын олон талын оролцоот ажлын хэсгийнхнийг хүлээн авч, Монгол Улсын ОҮИТБС-ын талаар сургалт, танилцах уулзалтуудыг зохион байгуулсан нь эдгээр оронд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үйл явцад хувь нэмэр боллоо.