Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоо
-------------------------------------------------------------------------------------------------------
Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ННФ 2010 онд өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлаа үргэжлүүлэв. 2010 онд төсвийн харилцаанд томоохон шинэчлэлүүдийг УИХ, Засгийн газрын зүгээс хийж эхэллээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аас баталсан бол Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Үүнтэй холбоотойгоор “Төсвийн харилцааны шинэтгэлийн зарим асуудал” сэдвээр ННФ-аас бодлогын зөвлөмж бэлтгэж, 2010 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх үед олон нийтэд болон хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт танилцууллаа. Зөвлөмжид төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлыг тодорхой болгох, иргэд төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын үйл явцад оролцох боломжийг нээх талаар тусгайлан санал боловсруулсан болно.
Улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлыг үнэлдэг “Нээлттэй Төсвийн Индекс-2010” судалгааны Монголд холбогдох суурь судалгааг ННФ эцэслэн боловсруулж, Олон Улсын Төсвийн Түншлэл байгууллагад илгээснээр уг индекс дэх Монгол Улсын эзлэх байрыг тодорхойллоо. Монгол Улс 2010 онд нийт авах 100 онооноос 60 оноо авч, нийт 94 орноос 22 дугаар байрт орсон нь 2008 онд 36 оноо, 2006 онд 18 оноо авч байсантай харьцуулахад чамлахааргүй ахиц гарсныг илтгэнэ. Өмнөх судалгаануудад тулгуурлан Сангийн яамтай хамтран ажилласны үр дүн уг индекст тусгалаа олсон гэж ННФ үзэж байна. Хэдийгээр Монгол Улсын зэрэглэл дээшилсэн ч амжилтаа ахиулах, иргэдэд зориулан төсвийн талаар хялбаршуулсан мэдээлэл тараах, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог албажуулах сорилтууд тулгарсаар байгааг ННФ уг индексийг олон нийтэд танилцуулах үеэр давхар санууллаа.
Төсвийн төвлөрлийг сааруулах талаар бодлогын хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үеэд ННФ-аас Олон Улсын Төсвийн Түншлэл байгууллагатай хамтран “Орон нутгийн төсвийн ил тод байдлын индекс” тогтоох судалгааг 2010 онд эхлүүллээ. Уг судалгаагаар орон нутагт төсвийн мэдээллийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг баримтад үндэслэн үнэлэх ба судалгааны дүн 2011 оны эхний улиралд гарна.
Төсвийн мэдээлэл, үйл явц, зарцуулалтыг иргэний нийгмийн байр сууринаас хянах үйл ажиллагааа 2010 онд идэвхжлээ. ННФ төсвийн чиглэлээр ажилладаг “Иргэд Төсвөө Хянана” (ИТХ) сүлжээг санхүүжүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ирэв. ИТХ сүлжээ нь Улаанбаатар хот, түүний дүүргүүд, зарим аймгийн төсвийг батлах үйл явцад ажиглалт хийснээс гадна тодорхой байгууллага болон үйл ажиллагааны төсөвт гишүүн байгууллагуудынхаа хүчээр мониторинг хийж, үр дүнг нь www.tusuv.mn вэб хуудаснаа байршуулж байна. Түүнчлэн уг сүлжээний гишүүн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд ННФ анхаарч ажиллав. Тухайлбал, сүлжээний гишүүдийг төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах асуудлаар сургалтад хамруулж, сүлжээний зохицуулагчийг Казахстан улсад болсон Нээлттэй төсвийн индексийн бүсийн уулзалтад оруулснаар сүлжээний олон улсын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм боллоо.