Эдийн засгийн хөгжлийн дүн шинжилгээ
-------------------------------------------------------------------------------------------------------
Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Нээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуультай хамтран Монгол Улсад бизнес эрхлэх орчныг үнэлэх, сайжруулах талаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагаанд мониторинг хийх, энэ чиглэлээр бодлогын болон бусад ямар арга хэмжээг авах талаар судалгаа хийлээ.
Энэхүү судалгаагаар Засгийн газрын холбогдох баримт бичгийг судалснаас гадна санамсаргүй түүвэрийн аргаар сонгосон 810 аж ахуйн нэгжээс авсан судалгааг 50 аж ахуйн нэгжээс авсан чанарыг судалгаатай нэгтгэн боловсруулсан бөгөөд манай орны эдийн засгийн эрх чөлөөний төлөв байдал, ахиц дэвшил, ухралттай талуудыг цогцоор авч үзэж, нөлөөлж буй хүчин зүйлсийг багцалж цаашид эдийн засгийн зохицуулалтыг зүгшрүүлэх чиглэлийг тодорхойлов.
2009 онд ННФ-аас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааг 2010 онд Санхүүгийн Зах Зээлийн холбоотой хамтран “Хэрэглэгчийн хүлээлтийн индекс” нэртэйгээр хийж гүйцэтгэлээ. Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) нь ихэнх хөгжингүй орнуудад тухайн улс орон иргэдийнхээ хэрэглээний зардлын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тооцож гаргадаг, өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд төдийгүй бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт, шийдвэр гаргахдаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлвийн талаарх хэрэглэгчийн хүлээлтийг тодорхойлох, судалгааны үр дүнг бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад өргөнөөр ашиглаж хэвшүүлэхэд судалгааны бас нэг гол зорилго оршино.
ХХИ-ийг Монгол Улсын эдийн засгийн бүтцэд тохируулан улирал тутамд нэг удаа, статистик түүврийн аргаар сонгосон 1000 хүнээс санал асуулга авах замаар тооцож байна. 2010 онд манай орны санхүү, эдийн засгийн байдал эрс сайжирч, энэ нь өрхүүдийн хэрэглээнд эерэгээр нөлөөлөх болсныг хэрэглэгчийн хүлээлтийн индексийн дараах дүнгүүд харуулж байна.
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс
- 1-р улирал 104,51
- 2-р улирал 136,9
- 3-р улирал 195,67
- 4-р улирал 190,46
Манай орны гадаад худалдааны нийт эргэлт 2009 онтой харьцуулахад 1,5 дахин өсч 2008 оны түвшинтэй ойролцоо хэмжээнд хүрч, ДНБ өмнөх онтой харьцуулахад 6,3 хувиар өсчээ. Энэ эерэг өөрчлөлт нь хэрэглэгчийн хүлээлтэд эерэгээр нөлөөлж байгаа нь Хэрэглэгчийн хүлээлтийн индекс оны эхнээс эрчимтэй өсч байгаагаас харагдаж байна. Судалгааны үр дүнг улирал тутам өдөр тутмын сонинуудаар дамжуулан мэдээллээ.
Эдийн Засгийн Бодлогын Шинэчлэл, Өрсөлдөх Чадвар Төсөлтэй хамтран эдийн засгийн бодлогын асуудлуудаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Талуудын яриа” телевизийн таван цуврал нэвтрүүлгийг цаг үеийн тулгамдсан асуудлуудаар хийж олон нийтэд хүргэлээ.