Нээлттэй Нийгэм Форумаас орчуулан хэвлүүлсэн “Хүний эрхийн төлөө! Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө үйл ажиллагаа, нөлөөлөл” номыг танилцуулах уулзалт 2010 оны 1 дүгээр сарын 28-нд боллоо. Уулзалтад хөгжлийн бэрхшээл, боловсрол, хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал болон нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, их дээд болон тусгай сургуулийн төлөөлөл зэрэг 40 гаруй хүн оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс уг номыг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар санал солилцохын хажуугаар хүний эрхийн сургагч багшийн хөтлөн явуулсан үзүүлэх хичээлд идэвхтэй оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр Сан” ТТБ-ын тэргүүн П.Төмөрбаатар өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бусад улсын туршлагаас хуваалцаад, байгууллагынхаа сургалтын ажилд ашиглах сайн гарын авлагатай болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 25 дугаар сургуулийн согог зүйч багш Алтанцэцэг, сургалтын менежер Дуламсүрэн нар багш, сурагчдаас гадна эцэг эх, боловсролын салбарын мэргэжилтэн, ер нь бүх хүнд хөгжлийн бэрхшээлийг ойлгуулах ажилд өдөр тутам ашиглагдах чухал хэрэглэгдэхүүн болжээ гэж үнэлэв.
Өнөөдөр Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80 гаруй байгууллага ажиллаж байгаа бөгөөд тэдэнд сургалт, нөлөөлийн ажилдаа ашиглах Монгол хэл дээрх материал хомс байдаг тул шинээр гарсан энэ ном нь эдгээр байгууллагад нэгдсэн ойлголт, нийтлэг хандлагатай болоход тус болно гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хуулийн нэр томъёо, үг хэллэгээр тайлбарласан зарим материал нь янз бүрийн түвшинд боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ойлгогдохгүй байх явдал их гардаг байна. Энэхүү гарын авлага хэл найруулгын хувьд маш энгийн, хэнд ч ойлгогдохуйц болсон бусад хэвлэмэл материалаас давуу талтай болгож байгааг олон хүн тэмдэглэн хэллээ. Хараагүй хүмүүсийн байгууллагын төлөөлөгч уг номыг хараагүй иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн аудио ном болгох санал гаргалаа. Монголд хөгжлийн бэрхшээлийн талаар нэгдсэн тодорхойлолт бий болоогүй байгаа нь статистик мэдээ алдаатай гарах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан төрийн бодлого оновчгүй болох нэг шалтгаан болдог тухай хэд хэдэн оролцогч хэлж байлаа.
ННФ-ын урилгаар Амнести Интернешнл байгууллагын хүний эрхийн сургагч багш Ганчимэг шинэ гарын авлагыг хэрхэн ашиглаж болохын харуулсан үзүүлэх сургалт явуулсан бөгөөд оролцогчид тараах материалын дагуу багаараа хэлэлцүүлэг хийж, дараа нь дүгнэлтүүдээ танилцууллаа.
Багийн ажлын дагуу хийсэн хэлэлцүүлгийн явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх бодлогын түвшинд анхаарах хоёр чухал асуудал хөндөгдлөө. Нэгдүгээрт, Монгол улс 2010 онд хийх хүн амын нэгдсэн тооллогын хүрээнд түүхэндээ анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог гаргах гэж байгаа нь сайшаалтай ч хөгжлийн бэрхшээлийн талаарх нэгдсэн тодорхойлолт байхгүй нөхцөлд “Та хөгжлийн бэрхшээлтэй юу?” гэсэн асуултад өгсөн хариултаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог үнэн зөв гаргасан гэж үзэхэд хэцүү байх юм. Мөн хүн амын тооллогод хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэрийг тодруулсан асуултууд багтаавал статистикийн дүнг ашиглах өргөн боломжийг нээж өгөх ажээ.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яам, Нийгмийн халамж, хөдөлмөрийн яам, төрийн бусад байгууллагын ашиглаж байгаа хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хандлага зөрүүтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн төрийн бодлого, нийгмийн үйлчилгээ хүргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд төрийн болон төрийн бус бусад байгууллага, олон улсын хандивлагчдын хүчийг нэгтэн, хөгжлийн бэрхшээлийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэг тодорхойлолттой болох ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг олон хүн дэмжлээ.
Уулзалтын төгсгөлд ННФ-ын менежер А.Гэрэлмаа оролцсон хүмүүст талархал илэрхийлээд, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг зүйл, заалтын агуулга, тэдгээрийн цаана оршиж байгаа хандлага, зарчмуудыг энгийн үг хэлэгээр тайлбарласан энэхүү гарын авлагыг сургалт, нөлөөллийн ажилдаа идэвхтэй ашиглана гэж найдаж байгаагаа хэллээ.