Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчин сүйдэж байна. БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх талаар хэд хэдэн баримт бичиг боловсруулжээ. Үүний нэг нь уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал юм. Өмнө нь ийм аргачлал байгаагүй бөгөөд уул уурхайн үндсэн орд хаана байрлаж байгаагаас шалтгаалан нөхөн сэргээлт хэрхэн хийхийг тодорхой заажээ. Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил харилцан адилгүйгээс гадна дүн мэдээлэл нь ч янз бүр гардаг аж. Тиймээс өнгөрсөн онд БОАЖ-ын сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтийн маягтыг шинэчилсэн байна. УМХГ, АМХЭГ, БОАЖЯ тус бүрт нөхөн сэргээлтийн мэдээлэл өөр өөр гардаг байсан. Харин дээрх маягтийг гаргаснаар Статистикийн газраас дүн мэдээг нэгтгэхээр болсон нь ямар ч эргэлзээгүй баттай мэдээлэл болно хэмээн мэргэжилтнүүд өгүүлж байна.