Танилцуулга

A- A A+
Танилцуулга


“Дорно Дорно: Хил Хязгааргүй Түншлэл” хөтөлбөр
-------------------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Сангуудын “Дорно Дорно: Хил Хязгааргүй Түншлэл” хөтөлбөр нь үзэл бодол, мэдээлэл болон туршлага солилцох зорилгоор иргэний нийгмийн төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудыг хил хязгааргүйгээр бүсийн  болон олон улсын хэмжээнд хамтран ажиллаж, хамтын хүчээр хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулах үйл ажиллагааг дэмжих зорилготой. Жил бүр Монголын нийгмийн салбарын экспертүүд болон идэвхтнүүд Дорно Дорно хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй янз бүрийн олон улсын болон бүсийн хэмжээний хурал, семинар, сургалтуудад оролцсоор ирлээ.

2010 онд Болгар Улсын “Хүүхэд, залуусыг хүний наймааны гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх сүлжээ”-ний гишүүн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Зүүн Европ, Төв Азид хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүсийн сүлжээ байгуулах нь”  сэдэвт цуврал арга хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг Монголын иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо. Цуврал арга хэмжээний эхнийх нь  2010 оны зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд Болгарын Банско хотноо болсон “Зүүн Европ болон Төв Азийн улсуудад насанд хүрээгүй хүүхэд, залуусыг хүн худалдаалах гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын сүлжээ байгуулах нь” сэдэвт уулзалт байлаа. Үүнд Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төвийн гүйцэтгэх захирал Д. Энхтуяа, Хүний Эрх Хөгжил Төвийн төслийн зохицуулагч Д. Амаржаргал оролцож Монгол Улсад хүний наймаатай тэмцэх чиглэлд төрийн бус байгууллагууд хэрхэн ажиллаж буй туршлагаасаа хуваалцлаа. Цуврал арга хэмжээний сүүлийнх нь мөн Банско хотод 2010 оны 11дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд болж, өмнөх семинарын үеэр ярилцсан зарим асуудлыг гүнзгийрүүлэн бүс нутаг тус бүрээр авч хэлэлцэв. Тухайлбал, Азийн хуучин социалист орнуудад нийгэм эдийн засаг, соёлын хүчин зүйлүүд хүний наймаатай тэмцэх асуудалд хэрхэн тусч нөлөөлж байгааг гүнзгийрүүлэн ярилцаж, сүлжээний гишүүд мэдээлэл солилцох бололцоотой интернэт портал байгуулах талаар хийсэн алхмуудыг танилцуулжээ. Уг уулзалтад манай иргэний нийгмийн төлөөлөгч бас оролцлоо.

Түүнчлэн 2010 онд Дорно Дорно хөтөлбөрийн дэмжлэгтэй зохион байгуулсан нэг чухал арга хэмжээ бол Филиппин Улсын сонгууль зохион байгуулах туршлагаас суралцах аялал байлаа. 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болсон уг арга хэмжээг Нээлттэй Нийгэм Форум Филиппиний Чөлөөт Сонгуулийн төлөөх Иргэдийн Хөдөлгөөн (NAMFREL)-тэй хамтран зохион байгуулсан ба Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Сонгуулийн Ерөнхий Хороо, “Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт” сүлжээний гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтав. Энэ арга хэмжээний үр дүнд Монголын талаас  оролцогчид автомат санал тоолох машин сонгуулийн ил тод, шударга байдалд ямар үр нөлөө, үр дагавартай болох, ийм технологи ашиглахад гарч болзошгүй хүндрэлүүдээс сэргийлэх үүднээс сонгуулийн байгууллага болоод сонгуульд хяналт тавьж буй иргэний нийгмийн байгууллагууд ямар асуудлыг анхаарвал зохилтойг судалж мэдснээс гадна Филиппинд сонгуулийн үйл явцад тавих иргэний нийгмийн хяналтыг хууль тогтоомжоороо хэрхэн зохицуулж, хэрэгжүүлдэг болох, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах үйл явц, түүнд тавих хяналт зэрэг асуудлуудаар илтгэл сонсч, газар дээр нь судалж танилцлаа.  Филиппиний мэргэжилтнүүдээс авсан мэдээллийг уг арга хэмжээнд оролцсон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран бэлтгэсэн сонгуулийн асуудлаарх цуврал нэвтрүүлгүүдээр дамжуулан олон нийтэд хүргэлээ.